УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-нд болно. Тиймээс энэ өдөр архи, согтууруулах ундаа худалдаалахгүй бөгөөд урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй аж.
Тодруулбал, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу дараах арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Үүнд:
- Аравдугаар сарын 09-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох
- Соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх
- Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэх
- Сонгуулийн хороо, санал авах байрны гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах
- Сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллах
- Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан нийслэл, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.
Сэтгэгдэл ( 0 )