Улаанбаатар хотын иргэд дахиад шатахууны хомсдолд орлоо.
ОХУ-ын "Роснефть" компаниас авчрах АИ-92 автобензиний ачилт хязгаарлагдсан тул өнөөдрөөс (2021.10.05) АИ-92-ын нөөц дахин хангалтгүй болж эхэлжээ.
Шатахуун түгээх станцууд оройноос борлуулах шатахуунаа хязгаарлаж, зарим нь бүр борлуулалтаа зогсоожээ. Хотын хаа сайгүй шатахуунд дугаарласан урт дараалал үүсээд байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Шатахууны тав хоногийн энгийн хэрэглээний нөөц байгаа. Цаашид шатахууны нөөц нэмэгдэнэ. Улаанбаатарт 900 гаруй тонн шатахуун байгаа тул хомсдол үүсэх асуудал байхгүй. Зарим компанийн нөөц багассан. Хоорондоо зохицох асуудал. Иймд өнөөдөр шатахуун түгээх станциуд хоорондоо зохицуулалтыг хийсэн. "Роснефть" компанийн захиралтай өнөөдөр утсаар ярьсан. Компанийн зүгээс шатахууныг тасалдуулахгүй нийлүүлнэ гэдгийг хэлсэн" гэх мэдээлэл өгөөд байна.
Гэсэн ч зарим шатахуун импортлогчид хязгаарлалт хийх талаараа мэдэгдэл гаргаж эхэлсэн гэх албан бус мэдээллүүд сошиалд нийтлэгдээд байна.

Харин ШӨХТГ-ын зүгээс "Шатахуун нөөц хангалттай бий гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Шатахуун импортлогчдын холбооноос албан ёсоор мэдэгдлээ. Зохиомол хомсдол үүсгэж хязгаарлалт хийж байгаа компаниуд хууль бус үйлдэлээ зогсооно уу" гэсэн мэдэгдэл хийгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )