Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан томуугийн 360,600 тун вакциныг есдүгээр сарын эхээр хүлээн авч, томуугийн вакцинжуулалтын 10 хоногийн аян зарласан.
Уг аян есдүгээр сарын 13-22 дуустал үргэлжилсэн бөгөөд 300 гаруй мянган иргэнээ хамруулах зорилготой хэрэгжсэн юм.
Монгол Улс жилд дунджаар 100 мянга гаруй тун томуугийн вакциныг захиалан авдаг бөгөөд КОВИД-ын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү 2 дахин их вакцин худалдан авч байгаа нь цар тахалтай тэмцэх зорилготой аж.
Нийт 300 мянган тун вакцины санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас, үлдсэн 60 600 тунг дэлхийн PIVI хөтөлбөрийн (Томуугийн вакцины төлөөх хамтын ажиллагааны хөтөлбөр) санхүүжилтээр оруулж ирж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас томуугийн вакциныг цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, зорилтот бүлгийн хүн амд нэн түрүүн хийхийг зорилгоо болгосон билээ.
Тэгвэл томуугийн вакцинд хамрагдсан зарим хүүхдийн биеэр тууралт гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.
Иймд томуугийн вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдэг илэрч болох талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.
-Томуугийн вакцины ач холбогдол, давуу тал юу вэ. Вакцин тариулсан хүүхдүүд юунд анхаарч, ямар гам барих ёстой вэ?
-Вакцин тариулснаар томуу, томуу төст өвчин огт тусахгүй гэсэн ташаа ойлголт нийтийн дунд байдаг. Тэгж ойлгож болохгүй.
Гагцхүү томуугийн хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Вакцин тариулсны дараах гурав хоногт хүүхдэд томуугийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч болно. Нус гоожих, найтаах гэх мэт. Энэ мэт шинж тэмдгүүд дархлаажуулалтын хариу урвалаар илэрсэн ч 2-3 хоногтоо арилна.
Иймд вакцин тариулсан газраа оролдохгүй, маажихгүй байх ёстой. Мөн дулаан хувцаслаж, дааруулахгүй байх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )