Монголын эрдэс баялаг бол "эрдэмт толгой" яах аргагүй мөн. Энэ бол аль нэг уул уурхай, нүүрсний орд газар биш. Харин эдгээр баялгийг зөв ашиглаж хөгжүүлэх боловсролтой толгойг онцолж буй хэрэг юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын хувьд мэргэжлээ сонгох хариуцлагатай үе ирж байна. Мэргэжил бүхэн сайхан. Гэвч мэргэжлээ сонгохдоо зах зээл дээр ямар мэргэжил эрэлттэй байгаа, ямар сургууль өнөөгийн шаардлагад нийцүүлэн сайн мэргэжилтэн бэлтгэх боломжтойг судлах хэрэгтэй. Зах зээлээ судлаагүй, хүсэл сонирхлоо дагалгүй мэргэжлээ сонговол уршиг нь ирээдүйд ч Таны амьдралд нөлөөлж мэднэ. Өнөөдөр хуульч, эдийн засагч гэх мэт мэргэжилтэй хүмүүс зах зээлд бараг "бялхаж" байна. Харин уул уурхай, эрчим хүч, шинжлэх ухааны салбарт мэргэжлийн хүмүүс дутагдаж буй. Иймд эрэлт ихтэй мэргэжлээр суралцвал ирээдүй өмнө тань гэрэлтэй байна.
Засгийн газраас холбогдох яам, агентлаг, газруудаараа дамжуулан судалгаа явуулсны үр дүнд эрэлт ихтэй 20 мэргэжлийг тодорхойлсон. Эдгээр мэргэжлийг сонгон суралцвал дөрвөн жилийн дараа Таны өмнө ажлын байр бэлэн байх аж. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдын шалгалтын оноо 720-оос дээш, эрэлттэй 20 мэргэжлээс сонгосон тохиолдолд үндэсний тэтгэлэг болох cap бүр авах 70 мянган төгрөг дээрээ нэмж 35 мянга, нийтдээ 105 мянган төгрөг авах эрхтэй болно. Тийм болохоор эдгээр эрэлттэй 20 мэргэжлийг сонгоод урамшууллаа хүртээрэй, сурагчид аа.
Ийм мэргэжлээр сураад дөрвөн жилийн дараа ажилгүй залуус олшрох вий гэж зарим хүмүүс ярьж байгаа нь ташаа мэдээлэл гэнэ.
Энэ тухай БСШУЯ-ны албаны хүнээс тодруулахад "Манайхаас гаргадаг эрэлттэй мэргэжлийн судалгаа бол Засгийн газраас ирэх жилүүдэд дэмжиж ажиллах салбарууд юм. Судалгааг 10 жилийн хэтийн төлөв байдлыг харж хийсэн" гэв. Тиймээс доор дурдсан эрэлттэй мэргэжлээр суралцаж эх орондоо ихийг бүтээх боломж байна.
ЭРЭЛТ ИХТЭЙ 20 МЭРГЭЖИЛ
1. Авто замын барилга
2. Бага ангийн багш
3. Сургуулийн өмнөх боловсролын багш
4. Байгалийн ухааны чиглэлийн багш
5. Геологи
6. Гидрогеологи
7. Тидромеханик инженер
8. Усны нөөц, экологи
9. Уул уурхайн ашиглалтын технологи
10. Уул уурхайн машин тоног, төхөөрөмж
11. Малын эмч
12. Мэдээллийн систем
13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14. Сантехник, инженерийн байгууламж
15. Сэргээгдэх эрчим хүч
16. Нано инженерчлэл
17. Биотехнологи
18. Цөмийн эрчим хүч
19. Онош зүй
20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал
зэрэг салбарын мэргэжил хамгийн эрэлттэй
байна.
Ч.БУЯНЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 1 )