.png)
Өргөн мэдээллийн Zindaa.mn сайт уншигч та бүхэндээ 2025 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас цувралаар тоймлон хүргэж байна.
Монгол Улсыг сангийн бодлогоор нь авч үзвэл 2025 он бол төсөв, мөнгөний бодлого бүхэлдээ хэрэгжээгүй жил байлаа. УИХ-аар баталсан 2026 оны урсгал зардал 32.98 их наяд төгрөгт хүрч түүхэн дээд түвшинд хүрсэн. Эсрэгээрээ инфляц 8.2%-д хүрчихсэн. Энэ нь зургаан хувьд барих Төв банкны тооцоолол, дөрвөн жилд таван хувьд барих Засгийн газрын мөрөөдөл “будаа болох” үзүүлэлт. Оны бөгсөнд бензиний үнэ нэмэгдсэн нь ирэх жилийн инфляцын “трейлэр” байх болно.
Төсөв. Төсөв төсвөөс 2025 оны төсөв тогтож харахуйц байлаа. Энэ оны төсвийг анх хэлэлцэж байхад нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг тавиад зарлагаа танасан ч өмнөх жилүүдийнхээс их хэвээр байлаа. Эхний төсвийг Ерөнхийлөгчийн заавраар өөрчлөөд, наадам наргианы өмнө дахин өөрчлөлт оруулсан. Учир юу гэвэл гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрчлөгдөж, засагт дахин хуваарилсантай холбоотой. Гурван удаа өөрчлөгдсөн төсөв зургаадугаар сарын сүүлээр батлагдахдаа орлогыг 31.2их наяд төгрөг, зарлагыг 31.2 их наяд төгрөгөөр баталсан. Засаг үүнийг “алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ” гэж зөвтгөж байв.
Тахлын үеийн манай төсвийн орлого 2021 онд 13.8 их наяд төгрөг байв. 2025 оны 11-р сарын байдлаар 36.8 их наяд төгрөгт хүрсэн. Ердөө дөрвөн жилийн дотор төсвийн орлого 23 их наядаар өсжээ. Өссөн нь засгийн сайных бус. Гадаад зах зээл тэр дундаа нүүрс, зэсийн экспортын биет хэмжээ, үнэ өссөнтэй холбоотой. Ковидын дараах аж үйлдвэрийн эрчимжил, эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь уул уурхайн бүтээгдэхүүний ханш хэлбэлзэлтэй ч өмнөхөөс өндөр байх боломж бүрдүүлсэн. Ялангуяа сүүлийн хоёр жил БНХАУ-ын дотоодын эрэлтээс шалтгаалан нүүрсний экспорт нэмэгдэж, АМНАТ болон Гаалийн татварын орлого эрс нэмэгдсэнтэй холбоотой. Иргэдээс авах татварын хувь хэмжээ нэмэгдээгүй ч сааж сурсан сангийн бодлого сайн хэрэгжиж байгаатай ч холбоотой. Тэр дундаа 2023 оноос эхлэн хувь хүний орлогын албан татвар шаталсан хэлбэрт шилжсэн. Жишээ нь 0-1.2 сая хүртэлх орлогод 10%, 1.2-3.5 сая төгрөгт 15%, 3.6 саяас дээш орлогод 20% гэх мэтээр шатлуулсан. Товчдоо өндөр орлоготой иргэд их татвар төлнө гэсэн үг. Сүүлд оны бөгсөнд төсвийн орлого тасрах гээд байсан учраас татвар төлөгчдийнхөө дансыг хааж байгаад хүчээр бүрдүүлэх шив дээ.
Төсөв орлоготойгоо, зарлагатайгаа талийтал нэмэгдсэн. Алдагдал нь ч ялгаагүй...
Орлого сайхан нэмэгдэхэд зарлага ч дагаад өссөн дөө. Төсвийн урсгал зардал 2021 онд 13.2 их наяд төгрөг байлаа. Одоо хэд гээч, 29.6 их наяд төгрөг. Ердөө дөрвөн жилийн жилийн дотор урсгал зардал 16.4 их наядаар нэмэгдсэн байна. Төсөв тэлж байгаа нөхцөлд урсгал зардал нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ анзаарч харах нэг зүйл нь урсгал зардал нь нийт зарлагын 80-аас дээш хувийг эзэлж байгаа явдал. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлыг шахаж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Анхаарахгүй өнгөрч болохгүй зүйл нь төсвийн алдагдал юм. Төсвийн алдагдал 2025 оны 11-р сарын байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрсэн нь урсгал зардал өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой.
Төсвийн алдагдал нэмэгдсэн нь хэд, хэдэн шалтгаантай. Тухайлбал, 2025 оны эхээр төрийн албан хаагчдын цалин 20-30% нэмэгдээд зогсохгүй, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн явдал. Түүнчлэн гадаад өрийн хэмжээ өссөнтэй холбоотойгоор хүүгийн төлбөр нэмэгдсэн. Бараа, үйлчилгээний үнэ өссөн нь төрийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлсэн. Дээрээс нь халаа сэлгээ, томилгоо, намын зодоон ч нөлөөлсөн гэдгийг сануулах нь зүйтэй.
***
Инфляц. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн засаг “инфляцыг ирэх дөрвөн жилд тогтмол 5%-д барина” гэж мөрөөдөж байв. Мөрөөдлөө хэрэгжүүлж чадаагүй өөрсдийнхөндөө дэгээдүүлээд өнгөрсөн. Дэгээдсэн шороон дээр нь тодорсон одоогийн засаг ч инфляцыг энэ түвшинд хадгалахыг зорино гэж хэвлэлүүдийг цуглуулж байгаад “томорсон”. Гэтэл бодит байдал өөрийг хэлж байна. Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар инфляцын түвшин 8.2%, Улаанбаатар хотод 8.7% гарсан. Юун таван хувь. Улсын хэмжээнд сарын инфляцын өсөлтийн түвшин 0.6-1.6 хувьд хэлбэлзэж, оны эхнээс тогтмол өндөр хэвээр байна. 2025 оны тухайд хоёрдугаар сар хамгийн өндөр буюу 9.6%-д хүрч байлаа. Эрх баригчид томилгоо ярьж, тонгорохоо тооцож байх хооронд наймаас доош буусангүй. Монголбанкны инфляцын зорилтот түвшин 2025 онд жилийн дундаж 6.0 ± 2.0 хувь буюу 4–8% хооронд байхаар тогтоосон. Гэвч 2025 оны туршид инфляц энэ интервалаас давсаар ирсэн. Манайхан шинэ ерөнхийлөгч гээд хүнд нь л анхаараад байгаа болохоор Монголбанкны гол зорилго бол үнийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах, эдийн тогтвортой өсөлтийг дэмжих байдаг. Энэ гурван зорилтыг хангаж байж инфляц тогтвортой байх ёстой юм, уг нь.
Монголбанкны инфляцын зорилтот түвшин 2025 онд жилийн дундаж 6.0 ± 2.0 хувь буюу 4–8% хооронд байхаар тогтоосон. Гэвч 2025 оны туршид инфляц энэ интервалаас давсаар ирсэн.
Төсөв тэлээд МАНдан бадраад байгаагүй юм уу, чухам яагаад инфляц цойлоод байна гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд дараах хэд, хэдэн хүчин зүйл хамаатай. Нэн тэргүүнд импортын барааны үнэ, тэр дундаа тээвэр, шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь нөлөөлсөн. Үнэ чөлөөлөх нэрээр цахилгаан, нийтийн тээвэр зэрэг төрийн үйлчилгээний үнэ өссөн нь гол шалтгаануудын нэг. Цалингийн үе шаттай нэмэгдэл нь төсөв тэлэх гол шалтгаан болж дотоодын эрэлтийг нэмэгдүүлсэн нь үнэ өсөх шалтгаг болсон. Дээрээс нь төгрөгийн хашийн сулрал нь импортын барааны үнийг том зургаар нь нэмж орхисон. Энэ хэдэн шалтгаан инфляц цойлох шалтгаан болжээ.
Сэтгэгдэл ( 0 )