
Өргөн мэдээллийн Zindaa.mn сайт уншигч та бүхэндээ 2025 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас цувралаар тоймлон хүргэж байна.
Улиран одож буй 2025 он улс төрийн намууд дарга аа сонголоо. Би дарга л даа гэж гүлдийж байсан нь даргын суудал ч үгүй үлдэж, чухам энэ л юм уу гэж гайхаж байсан нь дарга болов. Харин улс төрийн дагавар хүүхэд ХҮН намын дарга л харин гүлдийж үлдэх шив. Жилдээ нэг удаа баярлан цэнгэдэг Монголчууд бид наадам бүрийн араас л найруулга нь шог юм бэ гэж толгой шаасаар ирсэн. Энэ жил ч мөн адил чухам юу нь үл мэдэгдэх нэг тийм “авангард” нээлт болсныг уншигч та санаж л байгаа байх. Явдаг төгөлдөр хуур, хөл хөсөр эр чухам ямар ёр бэлгэтэй байв аа...
Улс төрийн намууд даргатай, даргагүйн хооронд зайдалж байгаад оны эцэс гэхэд бүх нам даргатай болов. Энэ нь ч угаасаа тодорхой байсан л даа. Хичээл эхлэхийн зүг өмнөхөн Ардчилсан нам даргаа сонгосон. Олон нэр дэвшигчид байсан ч Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар нэр дэвшсэн. Эхний санал хуралтаар Б.Отгонбат гурван гишүүний санал авч хасагдсан. Улмаар Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар ч нэрээ татаж “Тесо”-гийн босс ийнхүү сөрөг хүчний тэргүүн болсон юм. Танхимаас нэрээ татсаныг нь харвал хайрцагласан байж болох талтай. Ардчилсан ҮБХ-ны хурлын өмнө олон дүрүүд байсан ч танхимын уур амьсгал коммунист намынх шиг байсан гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ялгаа нь гэвэл эрх баригчдаас олон нэр дэвшигчтэй байсан юм даа.
Эрх баригчид зуны сард сандал суудалтайгаа зууралдаад, зууралдсан чигээрээ намартай золгосон. Сөрөг хүчнийхэн даргаа сонгож байх тэр мөчид “ах намынхан” дарга чухам хэн бэ гэдэг том асуулттай торойгоод сууж байв. Хууль зүйн үүднээс харвал Л.Оюун-Эрдэнэ дарга. Том асуулттай эрх баригчид том асуудалтай бага хурлаа эхлүүлэв. Нүцгэн ноён Г.Занданшатар намын дарга болох тэмүүлэлтэй ч олон жил хөшигний цаанаас удирдсан Д.Амарбаясгалан ч чухам ийм хүсэлтэй байлаа. Ингээд зодоон эхэлсэн. Болж өнгөрсөн процессыг уншигч та санаж байгаа болохоор чухам илүүг үл нуршъя. Бага хурал эхний удаа санал хураахад Д.Амарбаясгалан 58 хувийн саналаар сонгогдсон. Танхимыг хайрцагласан гэж үзээд хоёр Г.Занданшатар нэрээ татав. Ингээд тамгагүй, тамтай даргаар Д.Амарбаясгалан тодорсон юм. Үүнээс хойш хоёр сар гаруй тэмцэлдсэн дээрх хоёр дүр их хурлынхаа өмнөхөн зэрэг, зэрэг нэрээ татаж буйгаа зарласан. Ингээд нэг шинэ дүр гарч ирсэн нь Н.Учрал байлаа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Угтаа ийм л юм болсон. Намын 31-р их хурлаар Н.Учрал 94.95 хувийн саналаар намын дарга болчихсон. Их хурал хийсэн л болохоос түүнээс өмнө тодорчихсон байсан “эд” л дээ. Одоо тэр спикер болчихсон. Ардын намын захиалгаар дараагийн зодоон бараг эхэлчихлээ.
Бөөн юм болж байж намууд дарга аа сонгосон. Их тулааны өмнө ямар өнгө будаг, гортиг татах нь анхаарал татна
Эцэст нь өөрийнхөндөө жийгдсээр байгаа хүнийрхүү "ХҮН" нам оны бөгсөнд даргаа сонгосон. Үзэл бодлын олон манлайлалтай өөрийн гэсэн өнгө төрхтэй энэ намаас үзэл бодлын манлайлал болсон гишүүд нь гараад эхэллээ. УИХ-ын гишүүн Н.Золжаргал гишүүнээсээ гарч буйгаа зарласан. Хүчтэй сөрөг хүчин байх ёстой энэ нам одоо засагт сайдын хэдэн сэтэртэй болж аваад, намын дарга нь өөрөө Шадар сайдын хэргэмтэй болсон тул үзүүлэх шүүмжлэх, бодлогын мэтгэлцээн гэдэг юм үгүй болсон. Ийнхүү олон жил, олон даргын, олон дүрийн бүр үзэл баримтлалын өнгө будагтай байж ирсэн энэ нам одоогийн дарга Т.Доржхандыг улираан томилсон. Нэг ёсондоо МАН-ын дагавар хүүхэд байх хувь заяандаа нийт гишүүдээрээ эвлэрсэн гэсэн үг.
***
Наадам. Мундаг хүмүүсийн тодорхойлсноор Монгол хүн гэж хэн болох вэ гэдэг дархлааг сэргээх вакцин. Гэвч вакцин сөрөг урвалаа үзүүлээд ярих сэдэв нь наадам, наргиа бус найруулал нэртэй яйруулал байсаар өнөөг хүрлээ. Гэвч энэ жилийн яйруулал ёр бэлгээрээ, байгаа байдлаараа ч өмнөх жилүүдээс онцгой байв. Нөгөө л хэдэн улиг болсон дуучид, дөрвөн мөр холбосон зарлагчдын дараа гарч ирээд ам барьж гарсан. Тугтай морьтнууд цэнгэлдэхийг тойрсон. Өнөөх л тогтсон хэв маяг. Одоо ёр бэлгээ ярья. Сүүн цагааны бэлгэдэл болсон тайз нь дуучидтайгаа хөдөлж байсныг дурсахаа байя. Гэтэл гавьяат зүтгэлтэн Б.Чинбатыг стадионы зүлгээр нэр ийш, тийш нь явуулав. Цахилгаан автомашин зохион бүтээгээд хөгжлийн хурдыг эзэмшсэн Японы эзэн хаан үүнийг лав амьдралдаа мартахгүй байх. Магадгүй шатахуунгүй болно оо эртхэн “цахилгаан юм” олж ав гэсэн мессеж байсан ч байж болно. Бүр болоогүй тооноор дугуй жийгээд, өөрөө хөл хөсөр нэгэн эр эхийгээ тэргэн дээр суулгаад хээв нэг явж байв. Эх нь бас залбираад байгаа юм. Ёр бэлгээрээ бодвол оны бөгсөнд бензинд очерлоод, татварын өрнөөс болоод дансаа хаалгасан иргэдээ зөгнөөд ч байгаа юм шиг. Маазраа гэх үү, Ванга шиг зөгнөсөн гэх үү наадам ийм болж өнгөрсөн. Утга найруулгын алдаа бүү хэл, энэ чинь наадам шүү гэж харагдаагүй энэ наадмын нээлт, хаалтын төсөв 9 тэрбум төгрөг.
Хөл хөсөр нэгэн эр эхийгээ тэргэн дээр суулгаад хээв нэг явж байв. Эх нь бас залбираад байгаа юм. Ёр бэлгээрээ бодвол оны бөгсөнд бензинд очерлоод, татварын өрнөөс болоод дансаа хаалгасан иргэдээ зөгнөсөн ч юм шиг.
Хожим нь нээлтийнхээ дараа “алдарт” найруулагч Н.Наранбаатар “Наадмын нээлтийг хэрхэн хүлээн авахыг өөрсдийн тархи, оюун ухаанаар зажилцгаа” гэж томорсон. Төсвийн 9 тэрбум төгрөг, монгол ёс бэлгийг уландаа гишгэж зажилсан ийм нэг найруулагч, тийм нэг хөндүүр үлдээгээд наадам болоод өнгөрсөн. Ирэх жил дахиад наадам болно. Юу зажлуулах бол...
Сэтгэгдэл ( 0 )