
Өргөн мэдээллийн Zindaa.mn цахим хуудас уншигч та бүхэндээ 2025 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас цувралаар онцлон хүргэж байна.
Болох зодооноос бус ирэх шанаанаас айсан ах нар хөшигний наана “дүү” нараа гаргаж тавих тактикт шилжсэн. Тактикийн золиос нь Х.Булгантуяа байв. УИХ-ын дэд дарга дээрээс нь шинэ бус ч танил дүр байсан түүнийг бүтэн 10 илүү цаг спикерийн индэр дээрээс тууль хайлахад хүргэсэн юм. Ингэхдээ процессын хэд, хэдэн алдаа гаргав. Процесс зөрчсөн эсэхийг хаа, хаанаа өөрийнхөөрөө тайлбарласнаар асуудал улам даамжирсан. Ингээд Г.Занданшатарыг огцруулах эсэхээр санал хураасан процесс нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандав. Яг энэ тохиолдол бол монголын практикт анхных нь байсан юм. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан ердөө удаагүй товлогдсон. Процесс зөрчсөнөөс хойш долоо хоног хүрэхгүй хугацаанд Их суудлын хуралдаан 10-р сарын 22-ны өдөр хуралдсан. Хуралдаад Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. УИХ-ын чуулганыг даргалахдаа Х.Булгантуяа нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 70 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус , тус зөрчсөн гэж тогтоосон юм.
Болох зодооноос бус ирэх шанаанаас айсан ах нар хөшигний наана “дүү” нараа гаргаж тавих тактикт шилжсэн. Тактикийн золиос нь Х.Булгантуяа байв.
Нэгэнт Үндсэн хуулийн цэц Их суудлаараа хэлэлцээд тогтоосон. Тэгэхдээ эцсийнх байна гэдгийг тодотгосон. Гэвч процессын маргаан эхлэв. Хэдийгээр УИХ-ын дэд дарга Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон ч түүнийг огцруулах, хариуцлага тооцох механизм Үндсэн хуульд тодорхой заагаагүй. Одоогоор түүнийг УИХ-ын дэд даргаас нь огцруулсан ч гишүүн хэвээр байна. Үндсэн хуулийн мухардалд хүрээд, нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэх бор шувуу ч нисэх боллоо. Зодооноос бултсан ах нар магадгүй энэ мухардлыг олоод харчихсан ч байж мэднэ. Харчихсан учраас нийгэмд олон талын маргаан мэтгэлцээн өрнөж байгаа юм.
***
Казахстан улс Астана хот. “Silk Way Star/Торгоны замын од” Ази тивийн 12 улсыг хамарсан олон улсын хэмжээний анхны томоохон шоу зохион байгуулав. Бараг гурван сар үргэлжилсэн энэ шоунд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ч.Мишээл түрүүлж, гран при шагнал хүртлээ. Энэ оны наймдугаар сараас эхлэн аравдугаар сарыг дуустал зохион байгуулагдсан уг шоу 10 долоо хоног үргэлжилсэн бөгөөд таван үе шаттай байсан юм. Дугаар бүрт өгсөн шүүгчдийн үнэлгээ, үзэгчдийн санал хураалт хосолсон системээр ялагчийг тодруулсан. Рок, попын ертөнцөөс хамгийн сүүлд 32 жилийн өмнө МУГЖ Б.Сарантуяа "Азийн дуу хоолой" наадамд түрүүлж байв. Гайхалтай нь тэр тэмцээн мөн л Казахстанд болж байжээ.
"Монгол үндэстэн бид өөрсдийнхөө боддогоос илүү маш хүчтэй гэдгийг ойлгоорой"
Ч.Мишээл урлагийнхнаас хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг байсан гэдгийг шүгэл үлээсэн нэгэн. Продюсенгийн маш муу багтай байж, эндээ өөрийнхөө авьяасыг тодорхой таниулж чадаагүй. Гагцхүү зөв хүмүүсийг сонгоод өөрийнхөө замналыг өөрөө бүтээсэн нь энэ жил гаргасан түүний амжилт байлаа. Финалын шатанд зохион байгуулагч Казахстан улсын дуучинтай үлдэн 85 оноогоор түрүүлсэн Ч.Мишээл хэлэхдээ “Би ялагчийн сэтгэгдлийг эх монгол хэлээрээ хэлмээр байна. Та нартаа маш их баярлалаа. Энэ бол зөвхөн миний дуу хоолой байгаагүй, энэ бол Монгол үндэстний дуу хоолой байсан юм шүү. Монгол үндэстэн бид өөрсдийнхөө боддогоос илүү маш хүчтэй гэдгийг ойлгоорой” гэсэн юм. Тийм ээ бид боддогоосоо илүү хүчтэй...

Сэтгэгдэл ( 0 )