Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.21) Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эмзэг орны тоонд хамаарах бөгөөд ган, зуд, усны нөөцийн хомсдол, газрын доройтол зэрэг эрсдэл нэмэгдэж, нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг эрх зүйн нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулаад байна.
Мөн Монгол Улс 2026 оны 8 дугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахтай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол зэрэг байгаль орчны тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх бодит эрх зүйн шинэчлэл хийх нь чухал юм.
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төсөл нь 9 бүлэг, 32 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар:
Хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, хяналт-шинжилгээний нэгдсэн тогтолцоо бүрдэж, бодит өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжих боломж нэмэгдэнэ
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого, салбар дундын зохицуулалт сайжирна
Ногоон санхүүжилт, олон улсын уур амьсгалын сан болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломж өргөжинө
Нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн суурь бүрдэж, карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ
Уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг бууруулж, ногоон өсөлт, шинэ ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын зүгээс байгаль орчны олон талт гэрээ хэлэлцээр, ногоон шилжилтийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, байгаль орчны олон улсын манлайллыг чухалчлан ажиллаж буй энэ цаг үед Уур амьсгалын өөрчлөлтийн хууль батлагдсанаар олон улс, хувийн хэвшлийн эх үүсвэрээс ногоон хөрөнгө оруулалт татах институцийн болон эрх зүйн орчин тодорхой болж, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-д туссан зорилт, амлалтыг хэрэгжүүлэх боломж бодитоор нэмэгдэх юм.
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төсөл нь зөвхөн байгаль орчны салбарын зохицуулалт бус, Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх стратегийн ач холбогдол бүхий суурь хууль болох юм.

Сэтгэгдэл ( 0 )