.png)
Өргөн мэдээллийн Zindaa.mn сайт 2025 онд дэлхий дахинаа өрнөсөн голлох хоёр үйл явдлыг тоймлон хүргэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эргэн тойронд үргэлж л шуугиантай байдаг. Сүр дуулиантай гарчиг, маргаан, эсрэг тэсрэг үнэлэлтүүд гээд л. АНУ төдийгүй дэлхийн улс төрд содон үзэгдэл болсон Трамп Цагаан ордондоо эргэн ирсэн нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг яахын аргагүй мөн. Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаагаа эхлүүлсэн даруйдаа дэлхийн 185 орны бараа бүтээгдэхүүнд тогтоосон тарифаараа дэлхийг “rock” буюу савлуулж, улмаар дэлхийн эдийн засгийг “roll” доош өнхөрүүлж, сандаргав. Блүмберг агентлагийн тооцоолсноор, Трампын тарифын бодлогын төлөө дэлхий эдийн засаг хоёр их наяд ам.долларын төлөөс төлнө. Дэлхийн худалдааны системийг доргиосон тарифын дайн юун түрүүнд АНУ-ын гол өрсөлдөгч болох Хятад болон дэлхийн бөмбөрцгийн томоохон хэсгийн эсрэг чиглэсэн байсан ч үр дүн нь Хятадын худалдааны тэнцвэр 1.08 их наяд ам.доллар буюу дээд амжилт тогтоох урвуу үйлчилгээ үзүүлэв. Харин Трамп өөрөө хаврын тарифууд АНУ-ын эдийн засгийн эргэлтийн цэг болж, ажлын байруудыг бий болгон, гадаадын зах зээлүүдийн үүдийг нээж, үнийг бууруулна гэж итгэсээр.
Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа Трамп хууль бус цагаачлалтай тэмцэх, жендэрийн бодлогоос татгалзах зэрэг газар хөдлөх хэмжээний өөрчлөлтүүд дагуулсан дотоод бодлого, олон улсын харилцаанд реализм ноёлох, либерализм, даяаршлыг хойш нь угз татан, ардчилал гэсэн туг барьсан хөндлөнгийн оролцоо болон өнгөт хувьсгалыг дэмжихийг зогсоох замаар “Америкийг дахин агуу болгох /MAGA/” бодлогоо урагшлуулсан. Түүний хамтран зүтгэгч Илон Маскийн тэргүүлсэн Төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх департамент АНУ-ын дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүтцүүдийн нэг болох USAID агентлагийг татан буулгаж, батлан хамгаалахын яам, тагнуулын төв газар зэрэг яам, агентлагуудад томоохон шалгалт оруулж, түүнээс ч том зөрчил илрүүлсэн нь үүний нэг илрэл. Трампын засаг захиргаа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших 365 хоног хүрэхгүй хугацаанд 600 мянга гаруй хууль бус цагаачийг албадан гаргаж, 1.9 сая цагаач өөрийн дураар тус улсыг орхин гарчээ.
Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаагаа эхлүүлсэн даруйдаа дэлхийн 185 орны бараа бүтээгдэхүүнд тогтоосон тарифаараа дэлхийг “rock” буюу савлуулж, улмаар дэлхийн эдийн засгийг “roll” доош өнхөрүүлж, сандаргав.
Олон улсын тавцан дээр Трамп энхийг сахиулагчийн дүрд тоглож, бизнесменийнхээ сэтгэхүйгээ мөргөлдөөнийг өөрт ашигтай гэрээ хэлэлцээр байгулсан ч амжилт нь туйлын хэврэг. Түүний хүчин чармайлтын үрээр тогтсон Газын зурваст гал зогсоох дэглэм дээсэн дөрөн дээр дэнжигнэж байхад Трамп өөрөө Венесуэлийн заналхийлэн дайны харанга дэлдэж, Израилд Иранд цохилт өгөх ногоон гэрэл асаасан. Трамп нэг хүрэхгүй жилийн дотор Камбож-Тайланд, Косово-Серби, Конго-Руанда, Пакистан-Энэтхэг, Израил-Иран, Египет-Этиоп, Армени-Азербайжаны хоорондын мөргөлдөөнийг эцэслэсэн гэх. Конго-Руандагийн мөргөлдөөнийг зохицуулахдаа газрын ховор металл-д хүрэх үүдээ нээж, Египет- Этиопийн мөргөлдөөний цаана Этиопийн их далан байсан нь тодорхой.
Ямартаа ч 2026 онд Доналд Трамп мөрөөдлийнхөө Нобелийн энх тайвны шагнал хүртэх эсэхийг дэлхий нийтээрээ харах л үлдэж байна.
Олон туйлт дэлхийн дэг журамд ташуур өгсөн, АНУ-ын гадаад бодлогод гарсан томоохон өөрчлөлт бол Үндэсний аюулгүй байдлын стратеги. Үүнээс үзвэл, АНУ дэлхийн ардчиллын ивээн тэтгэгчийн үүргээсээ болон Нэгдсэн Улсын үндэсний аюулгүй байдалд шууд хамаарахгүй улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос татгалзаж байгаагаа зарлажээ. ОХУ, БНХАУ дайсан байхаа больж, Хятад улсыг эдийн засгийн өрсөлдөгчөөр тодорхойлсон. Шинэ стратеги Европын Холбоонд хүндээр тусаж байна. Үүнээс хойш ЕХ нь либерал ардчилсан атлантын хамтын нийгэмлэгийн нэгэн хэсэг бус харин тусдаа бие даасан статустай болж хувирсан.
Ийнхүү эсрэг тэсрэг үйл явдлаар дүүрэн нэгэн оныг хүн төрөлхтөн үдэж, ирэх онд Трампын “рок-н-ролл”-ын хэмнэлд дэлхий тойрог замасаа гарчилгүй тэсэж үлдэх итгэл найдвар тээн орж байна. Хүн төрөлхтөнд гэхдээ туршлага бий.
***
Такаичи Санаэ Японы түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдсон нь энэ оны тод үйл явдлуудын нэг байлаа.
Залуу насандаа хүнд металл хамтлагт бөмбөр тоглож, усанд шумбаж, Toyota Supra спорт загварын машин хөлөглөж асан Такаичи эхэн үедээ барууны үзэлтэй консерваторын дүрээр прагматик мэдэгдэл хийж байсан. Албан тушаалдаа орсны “бал сараа” дуусмагц Тайваны талаар ноцтой мэдэгдэл хийж, хөрш Луугийн сахлаар оролдов. Хилэгнэсэн луу хариу хатуухан мэдэгдлүүд хийж галаар тургих нь тэр. Бээжин Японы ерөнхий сайдаас уулчлал гуйхыг шаардаж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцвол сүйрэл хүлээж байна гэж архирав.
Харин Такаичи уучлал гуйхаас татгалзав.
Түүний мэдэгдлээс эхэлсэн сөргөлдөөн ноцтой өнгө аястай болж, Бээжингийн зүгээс эдийн засгийн хориг, аялал жуулалчлалын салбарын хязгаарлалт тавьж, хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ хэмээн сүрдүүлж байна.
Такаичи залуудаа хүнд металл хамтлагийн бөмбөрчин байсан. Ерөнхий сайд болоод гадаад бодлого нь ч "хүнд металл" байх нь. Гэхдээ хүнд металл бус харин эмэгтэй хүний торгон ухаан луужин болно.
Хятад улс Японы далайн бүтээгдэхүүний импортыг түр зогсоож, Японы шинэ киног Хятадад гаргах зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоогоод байна. Тэр бүү хэл ард иргэддээ хандан арлын оронд зорчихоос түдгэлзэхийг уриалж, иргэний агаарын тээврийн компаниуд тийзээ буцааж, хязгаарлахаар болоод байна. Хятад жуулчдын тоо огцом буурснаар Японы эдийн засаг жилд 14 тэрбум ам.долларын орлогоо алдана.
Улмаар Японы жижиглэн худалдаа болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаанд нөлөөлөөд байна. Shiseido компанийн хувьцааны ханш 11 хувиар буурчихсан.
Японы шинэ ерөнхий сайдын эл мэдэгдэл геополитикийн ярвигтай асуудалд Токиогийн бодлогоо өөрчилснийг илтгэж байгааг зарим шинжээчид дурджээ. Ноцтой үр дагавар дагуулсан үгээ Такаичи буцаахаас татгалзсаар. Эсрэгээр түүний байр суурь “тус улсын засгийн газрын уламжлалт байр суурьтай” нийцэж байгаа гэж мэдэгдсэнээр өмнөх ерөнхий сайдууд мөн ижил бодолтой байсныг ойлгуулав. Түүнчлэн, Японд Вашингтоны дэмжлэг бий.
Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчерийг шүтэн биширдэг, өөрийгөө Японы “төмөр хатагтай” гэдэг, Шинзо Абегийн бодлогыг залгамжлагч гэгддэг Санаэ Такаичийг Ерөнхий сайд асан Кишида нэгэнтээ “Талибан Такаичи” гэсэн нь бий. Алдарт Ясүкүни сүмд тогтмол очиж мөргөдөг, Японы далбааг шатаасны төлөө шоронд хорихыг шаарддаг Такаичи эдийн засгийн эрчимтэй өсөлтийн дүнд эх орноо тэргүүлэх байр сууринд аваачихыг хүсдэг. Харин энэ зорилгод хүрэхэд нь хүнд металл бус харин эмэгтэй хүний торгон ухаан луужин болно. Энэ луужин бүс нутагт, улмаар дэлхийд тогтвортой байдлыг хангана. Дэлхий амгалан бол бид ч амгалан.
Сэтгэгдэл ( 0 )