Хүүхэд байхдаа би эмээгээр баян байлаа. Зарим хүүхэд “Надад эмээ байхгүй” гэж байхад “Надад гурван эмээ байгаа” гэж гайхуулж явсан харалган үе бий. Эмээ нар маань ч надад их сайн. Ээжийн ээжийг Сумъяа, Сумъяа эмээгийн ээжийг Пагам гэдэг байсан. Би эмээг хөгшин эмээ гэж дуудна. Хөгшин эмээг ээж өргөж асардаг байсан болохоор эмээ намайг жоохон байхаас л хамт байсан. Өдөртөө гэрийн гадаа гарч нарладаг. Эмээг нарлах үеэр би үеэлүүдтэйгээ нийлж эмээгээр их тоглоом хийдэг байж билээ. Эмээ уурлаад таягаараа цохих гэж далайхад нь бид хэд зугтаачихна. Хөөрхий эмээ минь тэр үед 90 дөхөж явсан юм. Тийм өндөр настай хэрнээ л бидэнд мөчөөгөө өгөхгүй таягдах гэж үздэгсэн.
Эмээ залуу сайхан насандаа таван хүүхэд төрүүлсэн байдаг. Хамгийн том нь хоёр ихэр охин тэгээд гурван хүү. Эмээ минь “Урьд насандаа их нүгэл хийсэн болохоор энэ насандаа үрсээ урдуураа оруулж үхүүлэх үйлийн үрийг эдэлсэн байх” гэж би боддог юм. Хөгшин эмээ анхны хоёр ихэр охиныхоо нэгийг сар хүргэж ч амжаагүй алдаж байсан. Нэг нь үлдсэн нь манай Сумъяа эмээ. Гурван сайхан хүүгийнхээ том хүүг ид амьдрал нь цэцэглэж гурван хүүхэдтэй болсон байх үед нь бурхны орноо залж гашуун зовлонг биеээрээ туулж 40 насаа барсан. Хамгийн бага хүү нь бас л амьдрал нь цэцэглэж байсан үедээ архинд хордож өглөө нь сэрээгүй. Ингэж хоёр дахь хүүгээ алдаж 60 насыг сэтгэлийн зовлонтой, гүн харцтай өнгөрүүлсэн. Харин 80 нас өнгөрч явахдаа өөрт үлдсэн ганц хүүгээ өөрийнхөө урд орж бурхан болсныг сонсоод сэтгэл нь дийлэлгүй долоо хоногийн дараа өөрөө араас нь яваад өгсөн. Жигээ ах бурхан болсны яг долоо хоногийн дараа Пагам эмээ манай гэрт дахин ирэхгүйгээр явсан. Би тэр үед бас л жоохон дөнгөж л дөрөвдүгээр ангид байсан. Аав ээж, ах эгч нар эмээгийн алтан хайрцгийг нээлгэхэд хонь жилтнүүдийг зүүдээр нь эргэнэ гэсэн тайлал гарсан байхыг сонсоод би эмээг “Над дээр л битгий ирээсэй” гэж бодож байсан. Учир нь би “Зүүдээр нь эргэнэ” гэсэн үгийг “Эмээгийн сүнс нь над дээр ирнэ” хэмээн ойлгож дотроо айж байсны шалтгаан юм. Тэр шөнө би бараг унтаж чадаагүй хоносон. Яагаад ч юм байшингийн аль нэг булангаас эмээгийн сүнс нь гараад ирэх юм шиг санаж хөнжлөө дээгүүрээ нөмрөөд түгшиж хоносон. Тэр жоохон хүүхэд шөнөжингөө яаж тэсэх вэ үүр цайхын алдад хальт зүүрмэглэхдээ би эмээгээ зүүдэлсэн. Эмээ минь яг л урьдынх шигээ гэрийнхээ урьд зогсоод бидний өөдөөс гараараа даллаад байна гэж. Өглөө нь сэрээд эмээгийн сүнс ирээгүйд баярлаж байсан ч хожим бодоход эмээ яалт ч үгүй зүүдээр минь эргэсэн байсан. Ээж эгч нар минь зүүдлээд ч хамаагүй эмээгийн дүрийг харахыг хүссэн ч тэдний зүүдэнд ирээгүй байхад “Битгий ирээсэй” гэсэн миний зүүдэнд хамгийн сүүлчийн удаа хүүхдүүдээ даллаж ирсэн юм.
Э.Эмүжин

Сэтгэгдэл ( 0 )