Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 05

 

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан УИХ-ын даргын 2026 оны 24 дүгээр захирамжаар 18 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсэг /2026.05.04/ хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах асуудлыг хэлэлцлээ.

 

 

Уг хуулийн төсөл нь дөрвөн зүйлтэй бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаач, олон нийтээр хэд хэдэн удаа нээлттэй хэлэлцүүлсэний үр дүнд үндсэн гурван саналыг нэгтгэн төсөлд тусгасан хэмээн Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох, мөн хуульд “14.10 дугаар зүйл.Гүтгэх” гэсэн заалтыг нэмэх эсэх, 13.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт буюу “хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор;” гэсний дугаарлалтыг өөрчлөх саналыг дэмжих эсэх асуудлаар хуралдлаа.

 

 

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ө.Шижир нар Цэцийн дүгнэлтээс хальсан зохицуулалт хийх нь зохистой эсэх талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Л.Мөнхбаясгалан, А.Ганбаатар нар, хэдийгээр нэр хүндэд нь халдах асуудалтай нүүр тулдаг ч УИХ-ын гишүүд сэтгэл хөдлөлөө хойш тавьж, энэ төслийг дэмжих ёстой, “Гүтгэх” гэсэн заалтыг Иргэний хуулиар зохицуулах нь зөв гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, О.Саранчулуун нар, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа ч санаатайгаар доромжлох, зохион байгуулалттай гүтгэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хариуцлагаас гадуур үлдэж байгаа талаар байр суурь илэрхийлэв. 

 

 

Ажлын хэсэг ийн хэлэлцээд, хуулийн төслийн зүйл, заалт тус бүрээр санал хураалт явууллаа. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэргэжлийн холбогдох байгууллагууд буюу хэвлэл мэдээллийнхэнд танилцуулж, саналыг нь авах нь зүйтэй хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.93.132) 2026 оны 05 сарын 05

Энэ хуулийн салбарынхан, эрдэмтэд гэж байгаа хүмүүс бизнес эрхлэгчдийн бизнесийн эрсдлийг ямар ч нотлох баримтгүйгээр олон улсын авилгын эсрэг конвенцийн 28 -р зүйлээр ял өгдгөө хэзээ зогсоох вэ, төрийн мөнгө гэж байхгүй, та нар ч гэсэн бизнес эрхлэгчдийн өдөр шөнөгүй ажилласан баялгаас хүртэж байгаа шүү,

0  |  0
зочин(103.57.93.132) 2026 оны 05 сарын 05

Бизнесийн эрсдлийг хохирол учруулсан, улмаар хээл хахуул, авилгаыг хэрэгт хамаатуулж, ямар ч баримтын нотолгоогүй бизнесийн эрсдлийг Эрүүгийн хэрэгт хамааруулж улмаар олон улсын авилгын эсрэг Конвенцийн 28 дугаар зүйл гэлүү бизнес эрхлэгчдэд хомороглон ял шийтгэл олгодог энэ асуудлыг шийдэхгүй юмуу, төрийн мөнгө гэж байхгүй, бизнес салбар л мөнгө бүтээдэг байх шүү, энэ салбарын эрдэмтэд гээд байгаа хүмүүс салбарынхаа олхиогүй байдлыг засаж, хүмүүсийг бизнес эрхлэх нөхцлөөр хангаж өгөхгүй, ийм нөхцөлд монголд хэн ажил хийж татвар төлөх юм.

0  |  0
Top