Монголын Бурхан Шашны Төв - Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж сурагчдад айлдахдаа:
Лам хүн хувцсаа өмсөхдөө хямгатай хандлагатай байж, энэ хувцсыг ямар учир шалтгаанаар өмсөж байгаагаа ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл “Би Бурхан багшийн адил амьтны тусын тулд, олон амьтныг зовлонгоос гэтэлгэхийн төлөө хуврагийн замаар явж байна” хэмээн бодож, дээлээ өмсөх бүрдээ өөртөө сануулах хэрэгтэй.
Мөн лам хүн энэ хувцсыг өмссөнөөр Богд Зонхова, Өндөр гэгээн Занабазар дээдсийн адил сахил санваарыг эрхэмлэн, олон саад барцдаас хамгаалагдахын зэрэгцээ илүү их хариуцлага хүлээдэг гэдгээ ухамсарлах учиртай.
Иймээс лам хүн өөрийгөө ариун бус үйлээс ангид байлгаж, бодол, үйлдэл, зан чанартаа байнга анхаарч явах ёстой хэмээн сургаал айлдлаа.
Түүнчлэн лам сурагчдад өдөр тутмын бясалгал, уншлагыг орхигдуулахгүй байхыг сануулж, Дөрвөн итгэлээ өглөө гурвантаа, орой гурвантаа тогтмол уншиж хэвших мөн мэгзэмийг байнга уншиж, сэтгэл оюунаа ариусган, билиг ухаанаа тэтгэж явахыг онцлон айлдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )