Олон удаагийн хахууль авсан албан тушаалтанд 2.6 жилийн хорих ял оноолоо

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 87 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 65 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 22 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр 7 хүнд холбогдох 3 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 7 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Хэргийг тоймлон хүргэвэл: 

- О.Ж нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүрэг дэх Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа зөрчилд холбогдогч С.Г-ийн зөрчлийн хэргийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргасан атлаа хэргийг шүүхэд даруй шилжүүлэх арга хэмжээ авахгүй удаашруулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны 6 дугаар сарын 16-наас 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хооронд өөрийн болон бусдын дансаар дамжуулж, нийт 4,5 сая төгрөгийн хахууль авсан;

С.Г нь нийтийн албан тушаалтан буюу ...аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа өөрт холбогдох зөрчлийн хэргийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ...дүүрэг дэх Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Ж-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 4,5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс О.Ж, С.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, О.Ж-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4,5 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- Я.Б нь нийтийн албан тушаалтан буюу ...албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн даргаар ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Г.С, А.М нарын ашигт малтмал хайх, олборлох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тэдгээрээс нийт 61 сая төгрөгийн хахууль авсан; Мөн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 253 сая төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, өөрийн хөрөнгө, орлогоо нэмэгдсэнийг хууль ёсны, үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн;

Хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд өөрийн болон бусдын нэр дээр нийт 380 сая төгрөгийн үнэ бүхий 6 үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаасан.

Г.С  нь ашигт малтмал хайх, олборлох буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ... цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Я.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд бусдын дансаар дамжуулан нийт 59 сая төгрөгийн хахууль өгсөн;

А.М нь ашигт малтмал хайх, олборлох буюу өртөө давуу байдал бий болгох зорилгоор ....цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Я.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бусдын дансаар дамжуулан 2  сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүх Я.Б-г гурван гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,нийтийн албанд ажиллах эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2,6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх, мөн 84 сая төгрөг, гэмт хэргийн улмаас бий болсон 4 үл хөдлөх хөрөнгийг улсын орлого болгохоор, Г.С-ийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял, мөн А.М-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 4 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

- Г.А нь нийтийн албан тушаалтан буюу ...дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар, Г.Э нь хяналт, шалгалтын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн ...эмнэлгийн эмч Д.Э-г  “Т... " ХХК-д 2014 оноос 2019 оны хооронд сарын 1 сая төгрөгийн цалинтай ажилласан байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэж өгнө гэж, З.Т-аас 15 сая төгрөгийг хахуульд өгөхийг шаардсан,

Улмаар ...дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ...дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хуурамч акт гаргаж, З.Т-аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 5,4 сая төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүх Г.А, Г.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.А-д нийтийн албанд ажиллах эрхийг 6 жилээр хасаж, 16 сая төгрөгөөр торгох ял, Г.Э-д нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Иргэн танд:

Төрийн албан хаагч авлигаас ангид байх нь Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээний үндэс юм. Энэ нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх, иргэдэд тэгш, шударга үйлчилгээ үзүүлэх үүрэгтэйг илэрхийлдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top