BE STRONG | Д.Гантулга: Би Монголын ард түмний хайртай хүү байж үзсэн

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар энэ даваа гарагт буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо. 

Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна. 

 

 

Шоуны оролцогч, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга "Би Монголын ард түмний хайртай хүү байж үзсэн, хараалыг нь идсэн хүн ч байж үзсэн. 2016 онд 28 настайгаа УИХ-ын гишүүн болж байлаа. Олны анхаарлын төвд 10 жил, хэл ам, хэрүүл тэмцэл дундуур найман жил явжээ.

Заримдаа нам жим байдаг ч юм уу гэж бодох үе бий. Би 40 хүрээгүй, дөнгөж залуугаараа байна гэж боддог. Тийм учраас хэлэх, дуугарах, хувь хүнийхээ хувьд өөрийгөө таниулъя гэж Монголын нийгмийн янз бүрийн салбарын төлөөллийн хүмүүстэй хамт үзэл санааны хувьд хөгжье гэж бодсон учир миний хувьд сонирхолтой урилга байлаа" гэлээ. 

Түүний хувьд өөрийгөө "нөлөөлөгч" хэмээн тодорхойлсон. Түүний нөлөөлөл хаа хүрч, бас хэрхэн хөгжих бол? 

 

 

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ. 

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно. 

"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top