Модигийн нам Энэтхэгийн Баруун Бенгал мужид анх удаа ялалт байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг “Бхаратиа Жаната” нам тус улсын хамгийн том мужуудын нэг болох Баруун Бенгалын парламентын сонгуульд анх удаа ялалт байгуулжээ.

Урьдчилсан дүнгээр, тус нам мужийн парламентын 294 суудлаас 208-г нь авч байна. Ингэснээр Модигийн бодлогыг хатуу шүүмжилдэг Махата Банержи 15 жил үргэлжилсэн эрх мэдлээ алдаж байна. Түүний нам том ялагдал хүлээгээд байна.

Эл ялалт нь 2014 оноос хойш хиндү үндэстнийг тэргүүн зэрэгт тавих бодлого хэрэгжүүлж байгаа Модигийн байр суурийг бэхжүүлж байна. 2024 онд парламентын олонхын суудлаас алдсанаас хойш “Бхаратиа Жаната” нам орон нутгийн сонгуулиудад хүч хаяж эхэлсэн бөгөөд түүнээс хойш Харьян, Махараштра, Бихар зэрэг мужуудад ялалт байгуулаад байна. Баруун Бегал муж нь хамгийн чухал ялалт юм.

Санал хураалтаас өмнө сонгогчдын жагсаалтаас 9 сая ислам шашинтнуудыг хасжээ. Банержи эрх баригчдыг 100 гаруй тойргийн саналыг “хулгайлсан” хэмээн буруутгасан байна. Түүний намын ялагдал нь Энэтхэгийн бүс нутгийн улс төрийн хувьд эргэлтийн цэг болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Банержи нь том сөрөг хүчний нэг байсан бөгөөд “Бхаратиа Жаната” намын бодлогыг хатуу сөрөн зогсдог байсан гэж улс төр судлаач Арати Радхика Жерат онцолжээ. Түүний ялагдал орон нутгийн намуудын төгсгөлийн эхлэл байж магадгүй гэжээ.

Банержи өөрөө Калькутта дахь Бхабанипур тойрогтоо хүртэл ялагдаад байна. Тус тойрогт “Бхаратиа Жаната” намын нэр дэвшигч Сувенду Адхикари ялалт байгуулжээ. Нэгэн цагт Банержийн намын гишүүн байсан түүнийг мужийн шинэ засгийн газрын тэргүүлнэ гэсэн хүлээлт байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top