БҮРЭН МОНГОЛ | Соёлын өв тээгч, икэл хуурч М.Сүхбаатар

2023 оны 05 сарын 19

“БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ ХОВД АЙМАГТ

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ. 


Баруун монголчуудын аж байдал, ахуй соёлын баялаг түүхийг нэхэн тоочих аваас энэхүү бүтээлийн цаг нэн хомсдох буй за. Иймээс зөвхөн амьдралын хэв маяг, зан заншил, түүх бүхнийг агуулж, илэрхийлж хадгалж, басхүү харуулж чадах үнэт зүйлийн эрэлд “БҮРЭН МОНГОЛ” төслийн багийнхан гарсан юм.

Бидний хайсан эгэлхэн хэр нь энгүй гайхамшиг бол 2500 жилийн түүхтэй эртний монголчуудын нум чавхдаст хөгжмийн зэмсэг Икэл хуур билээ. Экил хуурыг үндэстэн ястан бүр өөрөөр нэрлэдэг. Жишээ нь Ойрд монголчууд экил гэдэг бол казах түмэн эх хэмээн нэрлэдэг.

Икэл гэдэг нь эртний түрэг хэлний ик буюу хоёр, кэл буюу дээс чавхдас гэсэн үгнээс үүссэн гэж үзэх нэгэн байхад бүх дэлхийн хэлээр дуугардаг болохоор “Эх хэл” гэсэн үгнээс гаралтай ч гэж үзэх нь бий. Үрээ голсон малыг хүртэл уяраан эвлүүлж, ухаант хүний сэтгэлийг хөдөлгөж, ертөнцийн түмэн хэлээр эгшиглэж, хоёрхон чавхдасаар ойлгуулдаг энэ эгэлхэн хэр нь энгүй зүйл бол монгол туургатны өв билээ.

Икэл хуурын гайхамшгийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ авч үлдэх хариуцлагатай хэр нь, мэдрэмж шаардах энэ чухал үйл хэргийг үргэлжлүүлж яваа энэ залууг М.Сүхбаатар гэдэг. Тэрээр гурав дахь үеийн икэл хуурч. Нэвтрүүлгийн гол дүр М.Сүхбаатарыг Ховд аймагт хайн очиход тэрээр Дөргөн суманд болж байгаа дөрвөд угсаатны анхдугаар наадамд сурагчдаа дагуулан явсан байв.

Нүүр дүүрэн инээсэн эгэл бор залуугийн талаар, түүний аж амьдралын талаар монголын түүх соёлыг хэрхэн авч үлдээж буй талаар хэсэгхэн тогтож саатна уу.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top