“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалт болж байна

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

НҮБ болон Гадаад харилцааны яам хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалтыг 2025 оны арванхоёрдугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Энэхүү сургалтад Зам, тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар, Монгол Улсын Далайн захиргаа, УБТЗ ХНН зэрэг байгууллагуудын 55 оролцогч, төлөөлөгч оролцож байгаа юм.

Дэлхий даяар далайд гарцгүй 44 улс орон байдаг. Үүнээс 32 нь хөгжиж буй улс орон байдаг аж. Тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг харилцан холбоо бүхий саад тотгор нэлээдгүй байдаг учраас эдгээр улс орны  ихэнх нь буурай хөгжилтэй байдаг.

Судалгаанаас үзэхэд, далайд гарцгүй орнуудын бараа, бүтээгдэхүүн дунджаар 1370 км газрыг туулж байж далайн боомтод хүрч байна. Дамжин өнгөрөх орнуудын дэд бүтэц, зохицуулалт, хил дээрх үйл ажиллагааны үр ашиг зэрэг хүчин зүйлс нь нийт тээврийн зардлыг нэмэгдүүлж, манай экспортын өрсөлдөх чадварыг хязгаарлаж байдаг.

Иймд далайд гарцгүй орнууд бараа бүтээгдэхүүнд суурилсан эдийн засгаа цаашид нэмүү өртөг шингэсэн бөгөөд тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү шилжих замаар төрөлжүүлэхэд эдгээр уялдаа холбоо бүхий үйлчилгээ чухал.

Энэ нь мөн улс орнууд дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний цочролоос өөрсдийгөө хамгаалахын тулд бүс нутагтаа уялдаа холбоогоо бэхжүүлж, ханган нийлүүлэлтийн богино сүлжээг хөгжүүлэхэд анхаарч буй глобал чиг хандлагын нэг хэсэг болно. Иймд тээвэр, логистик нь бүс нутгийн дотоодын худалдааг түргэтгэх боломж бүхий, далайд гарцгүй орнуудын хамгийн чухал салбаруудын нэг юм. Далайд гарцгүй орнуудын худалдаа нь худалдааны тэргүүлэх коридорууд болон олон тооны хилийн шалган нэвтрүүлэх цэгээр дамждаг. Иймд энэ салбарт хилийн шинэчлэл болон дижитал шилжилт чухал орон зайг эзэлж буйг сургалтын үеэр экспертүүд хэлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top