Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.05) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэллээ. Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно” гэж, мөн зүйлийн 32.3 дахь хэсэгт “.. хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцно” гэж заасны дагуу Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуулийн төсөл татан авах тухай албан бичгийг ирүүлжээ. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас татан авч байгаа талаар Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулсан.
Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ Пүрэв гарагийн (2025.12.05) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэн ирүүлсний дагуу өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 51 буюу 76.1 хувийн саналаар дэмжив. Иймд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсан тооцож, энэ талаар Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Ийнхүү Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг энэ Пүрэв гарагийн (2025.12.04) нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулсан байв. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтуудыг явууллаа. Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 72.1 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн Байнгын хорооны саналаар тус бүрд нь санал хураалт явуулав. Ингээд Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Энэ Пүрэв гарагийн (2025.12.04) нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсныг өнөөдөр үргэлжлүүлсэн. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 69 гишүүний олонх буюу 73.9 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )