ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Өнөөдөр 2022.02.14. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 08 цаг 01 минутад мандлаа, 18 цаг 12 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -26 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гэгээн Валентины өдөр. Болгар, Хойд Македонид өнөөдөр Дарс үйлдвэрлэгчдийн баярын өдөр юм.

Энэ өдөр Германы кино найруулагч, зохиолч Александр Клуге, Их Британийн кино найруулагч Алан Паркер, Лихтенштейний ван II Ханс-Адам, Вьетнамын анхны сансрын нисэгч Фам Туан, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, Оросын дуучин Юлия Савичева, Аргентины хөлбөмбөгч Анхель Ди Мария, Данийн хөлбөмбөгч Кристиан Эриксен, Английн жүжигчин Фрэдди Хаймор зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2011 оны энэ өдөр хүрлээр цутгаж, засварласан Д.Сүхбаатарын хөшөөг төв талбайд суурилуулж эхэлжээ.

2014 оны энэ өдөр Засгийн газар Цэргийн насны оюутан залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг батлав.

2015 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд батламж гардуулжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

286 оны энэ өдөр домогт өгүүлснээр, цэргийнхнийг гэрлүүлэхгүй байх эзэн хааныхаа тушаалыг зөрчсөн эмч, лам Валентиныг цаазалжээ. Валентин цаазлуулахынхаа өмнө сохор бүсгүйд захидал бичиж, бүсгүй эдгэжээ. Түүнийг шоронгийн харгалзагчийн охин байсан гэж домогт өгүүлдэг.

1950 оны энэ өдөр Москвад Зөвлөлт-Хятадын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан тусламжийн тухай гэрээг байгуулав. Гэрээг хоёр улсын Гадаад хэргийн сайд нар болох Жоу Энлай, Андрей Вышинский нар үзэглэжээ.

1992 оны энэ өдөр ОХУ болон Украины хооронд дипломат харилцаа тогтоов.

2005 оны энэ өдөр “YouTube” бий болжээ.

Энэ өдөр үс засуулвал жаргал ирнэ.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top