“Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” батлагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Батлан хамгаалах хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, дагаж мөрдөх журмууд шинэчлэгдэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” батлагдан гарлаа.

Өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нараар ахлуулсан “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэх ажлын хэсэг томилогдон, цэргийн цол олгох асуудлыг цэгцлэх, цэргийн цолны үнэлэмж, зохистой харьцааг зохицуулах, цэргийнхний нэр хүндийг өсгөх, цэргийн алба хаагчдын албандаа итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, алба хаагчдынөөрийгөө хөгжүүлэх, боловсруулах хөшүүрэг болох зорилгоор уг журмыг шинэчлэх ажлыг хийсэн билээ.

Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд цэргийн цол хэрэглэдэг байгууллагуудын эрх зүйн асуудлаар гаргасан анхны шийдвэр төдийгүй түүний баримталдаг нийгэмд шударга ёс тогтоох талаар авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ бөгөөд шинэ журамд бэлтгэл үүрэгтний цолыг хавтгайруулан олгодог тогтолцоог халсан, ахлах болон дээд офицеруудад тавигдах боловсролын шаардлага өндөрссөн, цэргийн цолны нийтлэг стандарттай болсон зэрэг зарчмын өөрчлөлтүүдээс гадна цэргийн сургуульд сурч байгаа алба хаагчдад хугацааны цолыг нь олгодог, эдэлж байгаа цолноосоо нэгээс дээш цолны зэрэглэл бүхий тушаалд томилогдвол дараагийн цолыг цол хоорондын хугацааны 50-иас дээш хувийг эдэлсэн бол олгож болох зэрэг хүмүүнлэгийн гэмээр заалтууд оржээ.

Эх сурвалж "Соёмбо" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu