Өнөөдөр 2021.11.05. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 07 цаг 43 минутад мандлаа, 17 цаг 28 минутад жаргана.
Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр.
Өнөөдөр Дэлхийн цүнамигийн талаар мэдээлэл тараах өдөр бол Арменд Тагнуулчдын баяр, Их Британид Түүдэг галын өдөр, АНУ-д Америк хөлбөмбөгийн өдөр.
Энэ өдөр ОХУ-ын хоккейчин Алексей Яшин, Америкийн Оскарын шагналт жүжигчин Сэм Рокуэлл, Их Британийн жүжигчин Тильда Суинтон, АНУ-ын эдийн засагч Жеффри Сакс, Канадын дуучин Брайан Адамс, Эстоны озэки асан Барүто зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1975.11.05: БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгчээ.
1985.11.05: ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
2009.11.05: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1934 оны энэ өдөр Ленинград хотын “Титан” кино театрт алдарт “Чапаев” кино нээлтээ хийжээ.
1943 оны энэ өдөр Токиод Япон тэргүүтэй Агуу Зүүн Азийн улсуудын хурал эхлэв.
1966 оны энэ өдөр Тоёота компани “Королла” автомашинаа танилцуулсан билээ.
1991: Москва - Тель-Авив чиглэлд анх удаагаа шууд нислэг үйлджээ.
Өнөөдөр үс засуулвал нас ахар болно.
Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )