Өнөөдөр 2021.11.04. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 07 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 30 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын шинжлэх ухаан, энх тайвны баярын өдөр. Италид Үндэсний нэгдлийн өдөр, Украинд Төмөр замчдын баяр, Тонгад Үндсэн хуулийн өдөр, Панамд Төрийн далбааны өдөр, Египетэд Хайрын баяр, Иранд Оюутны баярын өдөр.
Энэ өдөр Их Британийн жүжигчин Жастин Уоддэлл, Португалын хөлбөмбөгч Луиш Фигу, Америкийн Оскарын шагналт жүжигчин Мэттью МакКонахи, Японы холимог тулаанч Кэнжи Осава, Өмнөд Солонгосын “BigBang” хамтлагийн гишүүн T.O.P зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1938.11.04: Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагджээ.
1942.11.04: Зөвлөлтийн улаан армид тусламжийн гурав дахь цувааг илгээв. Сайд Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ц.Дамдинсүрэн зэрэг төлөөлөгчид 236 вагон тусламжийн цувааг хүргэжээ.
2013.11.04: Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ерөнхий сайд асан Д.Содномд төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртээв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1921: Токиод Японы Ерөнхий сайд Такаши Харагийн амь насанд халджээ.
1922: Египетэд Тутанхамон фараоны бунхныг олов.
1946: ЮНЕСКО байгуулагджээ.
2008: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялалт байгуулав.
2017: Саудын Арабд авлигын хэргээр 11 ханхүүг баривчилжээ.
Өнөөдөр үс засуулвал эрлэг лугаа учирна.
Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )