ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Өнөөдөр 2021.11.03. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 07 цаг 40 минутад мандлаа, 17 цаг 31 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.     

Өнөөдөр Японд Соёлын өдөр бол АНЭУ-д Төрийн далбааны өдөр, Малдивд Ялалтын өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин Кэйт Кэпшоу, Дольф Лундгрен, супер модель Кендалл Женнер, программист, тэрбумтан Гейб Ньюэлл, Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Унаи Эмери, хаалгач Диего Лопез, Оросын уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга Евгений Плющенко зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1912.11.03: Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Коростовец Монгол Улсын Богд хааны Засгийн газрын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн болон түүний Засгийн газрын таван сайдтай нийслэл хүрээнд Найрамдлын гэрээ байгуулж, шинэ тутам байгуулагдсан Монгол Улс, Орос улсын харилцаа ямар байхыг тодорхойлжээ. 1912 оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд үргэлжилсний эцэст байгуулсан найрамдлын эл гэрээ нь Монголын олон улсын талбар дээр дахин төр улс болж гарч ирсний нэг илэрхийлэл болсон юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1964: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагч Линдон Жонсон ялжээ.

1969: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Өмнөд Вьетнамын газар нутгаас Америкийн хуурай замын анги нэгтгэлүүдийг бүгдийг нь гаргана гэжээ.

1978: Доминика улс тусгаар улс болов.

2014: Дэлхийн худалдааны төвийн нээлт болжээ.

Өнөөдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top