Монгол бөхөн МӨХЛИЙН ИРМЭГТ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Монгол зэрэг Төв Азийн хэдхэн оронд байдаг бөхөнгийн тоо толгой өнгөрөгч хавар 210 мянгаас 80 мянга болтлоо огцом хорогдсон билээ. Казахстаны 180 мянган соргог бөхөнгийн 120 мянга нь бөөнөөрөө үхсэний учрыг олохоор Казахстаны Хөдөө аж ахуйн яам тухайн үед онцгой байдал зарлан ОХУ, Англи, Германаас эрдэмтэд урьсан юм. Тэгвэл судалгаа хийсэн эрдэмтэд бөхөнгийн үхлийн шалтгааныг тодорхой тогтоож чадалгүй, “Уур амьсгалын өөрчлөлт байж магадгүй” гэсэн бүрхэг дүгнэлтэд хүрчээ. Судалгааны багт ажилласан Лондоны Эзэн хааны академийн доктор Ричард А.Кок “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа үхлийн шалтгааныг олж тогтоох гэсэн бүх оролдлого бүтэлгүйтсэн талаар өгүүлээд “Уурын өөрчлөлтийн нөлөөгөөр бөхөнгийн дархлаа суларч дээрх бактериудад мэдрэмтгий болсноор үхэлд хүргэсэн байж болох юм” гэсэн байна.

Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэгийн эрдэмтэн Штеффан Зюцер Казахстанд урилгаар очсоныхоо дараа үхсэн, амьд бөхөнгийн биеэс дээж авснаас гадна, нүүдлийг нь нэгбүрчлэн мөшгиж, бүх өвс ургамлыг цуглуулж авсан юм байна. Түүнийгээ зунжин, намаржин судлаад ямар ч сэжигтэй зүйл олж илрүүлээгүй ажээ. Нэгэнт шалтгааныг нарийн тогтоож чадаагүй болохоор тусгай тайлан гээд байх сүртэй зүйл гарахгүй, харин ч судалгааг илүү нарийн явуулах хэрэгтэй гэж А.Кок өгүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, олон улсын эрдэмтэд хамтран нарийн судалсан ч “Ердийн үед хоргүй байж байгаад температур, агаарын чийгшлийн өөрчлөлтөөс шалтгаалан хор болж хувирдаг ямар нэг зүйл байгаа нь тодорхой” гэхээс өөр үр дүн гаргасангүй.

Гэхдээ бөхөн нутагладаг Казахстан, ОХУ, Узбекистан, Киргизстан зэрэг улсууд бөхөнг хамгаалах, өсгөж үржүүлэх тал дээр илүү их хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тухайлбал, ОХУ бөхөнг ховор амьтдын “Улаан ном”-д бүртгэх шийдвэрийг өнгөрсөн сарын 30-ны өдөр гаргажээ. Манай улсад байдаг монгол бөхөнгийн хувьд халдварт өвчнөөр үхэх нь бага байдаг ч олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа юм.

Дэлхий дээр татаар буюу соргог бөхөн, хорхой буюу монгол бөхөн гэсэн хоёр дэд зүйл тархжээ. Үүнээс манайд байдаг нь монгол бөхөн юм. Өнгөрсөн зууны эхээр Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороос, Нууруудын хөндийн элсэрхэг хээр газарт тархан нутагшиж байсан монгол бөхөн мянга есөн зуун ерээд он гэхэд Шаргын говийн умардаас, баруун, хойд тал,  Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэл гэсэн хоёрхон газар нутагших болтлоо ховорджээ. Хөгшчүүлийн хууч яриагаар бол тэр үед монгол бөхөнгөөс гадна соргог бөхөн ч нутагладаг байсан гэлцдэг. Гэвч 1950-иад оноос үзэгдэх нь цөөрч, улмаар үгүй болжээ. Соргог бөхөн монгол бөхөнгөөс биеэр том, хөл зэгзгэр байдаг онцлогтой.      

Монгол бөхөн өвсний сайныг шилэн бэлчээрээ ойр, ойрхон сольдог ч хол нүүдэллэдэггүй онцлогтой амьтан. Шаргын говиор өвөлдөө тавиас доошгүй тоо толгойгоор сүрэглээд, урин дулааны цагаар бутран тардаг нь сонин. Ороо нь нэг сард орж, хээлээ таван сар тээгээд зун зургаан сарын дундуур төллөдөг. Эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг. Тэгсэн атлаа хээл авахгүй өнжих тохиолдол мөн цөөнгүй гарах учир тоо толгойн өсөлт нь хангалттай байж чаддаггүй байна. Мөн маш богино буюу 3-4 жил насалдаг нь ч нөлөөлдөг. Үүн дээр нэмээд байгалийн болон хүн, амьтны хүчин зүйл, үйлдлээс болж Монгол бөхөнгийн тоо толгой жил жилд янз бүрээр хэлбэлзэж байдаг. Тоо толгойн талаарх мэдээлэл ч зөрөх аж. Тухайлбал, 2010-2012 онд Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-гийн хөтөлбөрийн газрын хамтарсан судалгаа тооллогын дүнгээр, монгол оронд дунджаар 8000 толгой монгол бөхөн байна гэж тогтоосон бол эдүгээ мэргэжлийн байгууллагууд “13 000 орчим бөхөн бий” гэсэн тоо хэлдэг. 2002 онд 750 толгой хүртэл буурсан ч Монгол бөхөн хамгаалах хөтөлбөрийн ачаар тоо толгой нь эргээд өсчээ.  

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top