Вэнс, Уиткофф, Кушнер нар Ираны төлөөлөгчидтэй уулзахаар болжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Цагаан ордны тэргүүний хүргэн Жаред Кушнер нар Пакистаны Исламабад хотноо Ираны төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийнэ гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгджээ.

Яриа хэлэлцээний эхний үе шат ирэх бямба гарагт /2026.04.11/ Исламабад хотноо болох юм.

Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Вашингтон Ирантай яриа хэлэлцээ хийхэд бэлэн буйг мэдэгдээд ирэх уулзалтын үр дүнг өөдрөгөөр харж буйгаа илэрхийлэв. Түүний  мэдээлснээр, АНУ-ын зүгээс Тегеранаас цөмийн технологи хөгжүүлэхээс татгалзах, Вашингтонд цөмийн материалуудаа шилжүүлэн өгөх шаардлагыг тавьж байна. Тэрбээр Тегераны зүгээс хэр их буулт хийхээс олон зүйл шалтгаална хэмээн онцолжээ.

Вашингтоны зүгээс Тегеранаас цөмийн материалуудаа шилжүүлэн өгөх, уран баяжуулалтаа зогсоохыг шаардаж байгаа. Энэ асуудал нь яриа хэлэлцээний гол сэдэв болно. АНУ-ын Ерөнхийлөгч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Иранд цөмийн зэвсэгтэй болох боломжийг олгохгүй. Ираны тал бидэнд цөмийн түлшээ шилжүүлэн өгнө гэж найдаж байна гэж Вэнс мэдэгдэв. Мөн энэ асуудлаас шалтгаалан Ираны эсрэг хоригийг зөөлрүүлэх эсэх нь шийдэгдэнэ.

Түүний хэлснээр, АНУ-ын зүгээс яриа хэлэлцээг санал болгосон, Ираны талаас Ормузын хоолойг нээнэ гэсэн хүлээлттэй байна.

Ливаныг тойрсон маргааны талаар, Вэнс үл ойлголцол хэмээн тодорхойлоод энэхүү асуудал гал зогсоох тухай хэлэлцээрт тусгагдаагүй гэж тодруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top