Трамп: НАТО бидэнд хэрэгтэй үед тусламжийн гараа сунгаагүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн уулзалтын үеэр Гринланд арлын эзэмшлийн талаарх асуудал маргаантай хэвээр байгааг сануулжээ.

Доналд Трамп “НАТО нь бидэнд хэрэгтэй үед тусламжийн гараа сунгаагүй. Дахин хэрэг болоход ч тусламж үзүүлэхгүй. Гринланд гэх том бөгөөд удирдлага муутай мөсний хэлтэрхийний талаар мартуузай” гэж өөрийн Truth Social сүлжээнд бичжээ.

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте тус уулзалтын дараа мэдээлэл хийхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зарим холбоотнуудын үйлдэлд урам нь хугарсан байсан гээд түүнийг ойлгож буйгаа илэрхийлсэн байна.

АНУ Ираны эсрэг дайны талаарх байр сууриных нь төлөө НАТО-ийн зарим гишүүн орнуудыг “шийтгэх” төлөвлөгөөг боловсруулж байгаа гэж Wall Street Journal хэвлэл эх сурвалж дурдан өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ хүрээнд эвслийн зарим улс орнуудаас Америкийн цэргүүдийг гаргах боломжийг судалж байна.

Доналд Трамп мөн НАТО-оос гарах асуудлыг нухацтай авч үзэж байгаа талаар өмнө нь мэдэгдэж байсан. Тэрбээр холбоотон орнуудад тавьсан хүсэлтэд нь өгсөн хариуг “арилшгүй толбо” хэмээн нэрлэж байв. Түүнчлэн тэр Гринландын асуудлаар эвслийн орнуудын байр сууриас үүдэн НАТО-той салах ёс гүйцэтгэхэд бэлэн хэмээн мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top