Барселона клубийнхэн яг ингэж хэлмээр болсон байх. Шинэ цэнгэлдэхээ нээчихээд ялагдал гээчийг нэг ч амсаагүй тэд өчигдөр талбайдаа хожигдлоо. Хожигдох, хожигдохдоо аваргуудын лигийн шөвгийн наймд. Тэгээд болоогүй Атлетико Мадридад. Улирал эхэлснээс хойш тав дахиа таарсан Барса өрсөлдөгчдөө ийнхүү хоёр дахиа хожигдлоо. Үр дүн нь л Барсагий эсрэг болохоос ерөнхий агуулгын хувьд өрсөлдөгчөөсөө илүү байсныг дурдах хэрэгтэй.
Тоглолт эхлээд дөрвөн минутын дотор Маркус Решфорд хоёр ч удаа хаалга руу цохисон. Гэвч Жулиан Альварес нөгөө талаас маш хурдан хариу үйлдэл үзүүлж байв. Ламин Ямаль уг нь маш гоё дамжуулалтыг Англи эрд гаргаж өгсөн боловч отон тоглолт болчихсон. Барса талбайдаа давамгайлсан хэвээр л байлаа. Гэвч Атлетикогийн хамгаалалтын шугам хийгээд, хаалгач ямар нэгэн алдаа гаргалгүй тэссээр л... Байдал өөрчлөгдлөө. Тоглолтын эхний хагас дуусахтай зэрэгцэн 44 дэх минутад Пау Кубарси улаан хуудасны алдаа гаргаж талбайгаас хөөгдөв. Хөөгдөөд зогсохгүй чөлөөт цохилт Атлетикод авчирч, тэрийг нь Жулиан Альварес гоол болгосноор “Камп Ноу” чимээгүй болов.
Атлетико ийнхүү 2006 оноос хойш 20 жилийн дараа анх удаа Барсаг талбайд нь буулган авав. Барсагийн хувьд 10 тоглолтын дараа анх удаа талбайдаа хожигдлоо.
Хоёрдугаар үе эхлэхтэй зэрэгцэн Ханси Флик Педри, Лева нарыг талбайд гаргав. Нөгөө талаас Лукман, Коке нар талбайд гарсан. Решфорд хоёрдугаар хагас эхлэхтэй зэрэгцэн бараг гоолын дайтай нэг боломжоо алдаад зогсохгүй, чөлөөт цохилтоор хаалганы хөндлөвч цохисон. Өнөөдөр түүний азгүй өдөр нь байлаа. Барса урагш довтлох бүрд Атлетикогийн хагас хамгаалалт болон арын хамгаалалтын шугам илүү нягтарсаар байсныг дурдах нь зүй. Барсагийн боломж салхинд хийсэж байхтай зэрэгцээд Атлетико сиймхийгээр нь гоол оруулахаар чармайсаар байв. Чармайлт үр дүнгээ өгч 70 дахь минутад сэлгээгээр гарсан Александр Сөрлот гоолдож тэргүүллийг авчирлаа. Ингээд Барсагийн бөмбөг эзэмшилт тоглолт дуустал давамгайлсан ч гоол орохгүй байсаар энэ үр дүнгээрээ өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )