Трамп бөмбөгдөлтөө зогсоож, Иран Ормузын хоолойг нээхээр боллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Тегеран Ормузын хоолойг нээх нөхцөлтэйгөөр Иранд цохилт өгөхөө хоёр долоо хоног зогсоохоор болсон тухай мэдэгдлээ. Ираны зүгээс хэд хэдэн нөхцөл дэвшүүлж, гал зогсооход бэлэн буйгаа илэрхийлэв.

Трампын ярьснаар, Иран 10 заалт бүхий санал дэвшүүлсэн нь яриа хэлэлцээ хийх ажлын үндэс болсон байна. Хоёр долоо хоногт талууд эцсийн тохиролцоонд хүрэхээр зорьж байна.

Ираны Ормузын хоолойг нээхээс татгалзвал Ираны иргэний зориулалттай дэд бүтэц, тэр дундаа гүүр болон цахилгаан станцуудад цохилт өгнө гэж Трамп сүрдүүлж, энэхүү тулган шаардлагынх нь хугацаа Гринвичийн цагаар дөрөвдүгээр сарын 8-ны 01:00 цагт дууссан билээ. Цагаан ордны тэргүүн гал зогсоох болсон тухай мэдэгдэхэд хэдхэн цаг дутуу байжээ.

Иран, АНУ-ын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистан Вашингтоноос бөмбөгдөлтөө зогсоох, Иранаас Ормузын хоолойг нээх заалт бүхий санал илгээсэн тухай сүүлийн мөчид мэдэгдсэн билээ.

Трампын мэдэгдлээс хойш нэг цагийн дараа Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи болон Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл Тегеран хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоох, Ормузын хоолойг нээхэд бэлэн хэмээн мэдэгдсэн юм. Ингэхдээ Ормузын хоолойгоор гарахдаа Ираны Зэвсэгт хүчин болон тодорхой техникийн хязгаарлалтыг уялдуулах учиртай.

Пакистаны Ерөнхий сайд Нехбаз Шариф гал зогсоох дэглэм даруй үйлчилж эхэлсэн гэж мэдэгдээд Трампын өгсөн хугацаа дуусахад 10 минутын өмнө талууд ийн тохиролцоонд хүрлээ гэжээ.

Израил одоогоор энэ асуудлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Ираны талын мэдээллээр, 10 заалт бүхий саналд Ирак, Ливан, Йемен дэх дайныг бүрэн зогсоох, бүс нутаг дахь бүх мөргөлдөөнийг зогсоох, Ормузын хоолойг нээх, Ормузын хоолойд хөдөлгөөний эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах дүрэм журам, нөхцөлийг тогтоох, Ираныг сэргээн босгох зардлын нөхөн төлбөрийг олгох, Ираны эсрэг тавьсан хоригуудыг цуцлахыг эрмэлзэх, Иран цөмийн зэвсэг эзэмшихийг  эрмэлзэхгүй байх үүрэг хүлээх зэрэг заалтуудыг тусгажээ.

АНУ, Ираны яриа хэлэлцээ Пакистан нийслэл Исламабад хотноо ирэх баасан гарагт товлогдоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top