ЭЗХЯ | Эрчим хүчний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзийг өнөөдөр /2026.04.09/ хүлээн авч уулзан, эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

 

 

Уулзалтын эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиг үүргийн хүрээнд эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг сайжруулах, зардлыг бууруулах асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тэрбээр салбарын зардлын бүтэц, гинжин хэлхээг нарийвчлан судалж, ашиггүй зардлыг танах, оновчтой зохион байгуулалтыг нэвтрүүлэх төлөвлөгөөг яаралтай хэрэгжүүлэх нь чухал байгааг дурдсан юм.

 

 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий цахилгаан, дулаан үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн сүлжээний техникийн болон эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй төлөвлөгөө боловсруулж байгааг танилцууллаа.

Талууд цаашид эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангуулахаар хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top