Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридыг хэвлэлийн эрх чөлөөний өдрийн зочноор урьж ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтсан хэлэлцүүлэг, бусад арга хэмжээ олон боллоо. Энэ бүгдээс ажиглахад хэвлэлийн эрх чөлөөг төр тушдаг байсан бол сүүлийн жилүүдэд мөнгө тушдаг болж гэсэн шүүмжлэл их байна?
-Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч болсноос хойшхи жил хагасын хугацаанд би юу олж анзаарсан бэ гэхээр сэтгүүлзүй өөрсдийгөө бохирдуулаад, сэтгүүлчид болохгүй юм хийгээд байгаа биш юм байна.
-Яг үнэндээ Монголын нийгэм тэр чигтээ бохирджээ. Бохирдохын эх үүсвэр нь улс төр юм байна гэдгийг олж харсан учраас улс төрийнхөн оюун санаа, ёс суртахууны хувьд цэвэршихгүй бол Монголын нийгэм тэр чигээрээ балрах нь. Ялангуяа сэтгүүлзүйн салбар. Тиймээс би сүүлийн үед удаа дараа улстөрчдөд “Та нар болиоч ээ” гэж хэлж байна. Ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө. Хэвлэлийн эрх чөлөө байж иргэд мэдэх эрхээ эдэлж, үнэн бодит мэдээллийг олж авч, нийгмээ хянаж, өөрсдөө оролцож чадна. Гэтэл та нар энэ бүгдийг замаас нь янз бүрийн аргаар гажуудуулаад, өөр өөр үнэнийг бий болгоод олон нийтийг төөрөлдүүлээд байж болохгүй ээ. Улстөрчид та нарт эрх мэдэл байна, та нарт боломж байна, та нар жирийн иргэдийг бодвол аливаа мэдээллийг түрүүлж авч байна. Энэ давуу байдлыг та нар эрийн сайндаа олж аваагүй шүү. Ард түмний сонголтоор та нарт итгэж найдаж өгсөн давуу тал юм шүү. Гэтэл сонгосон хүмүүс нь өөрсдөө ийм зүйл хийж байна. Буруу, булхайгаа нуун дарагдуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг ашигладаг, амыг нь үдэхийг оролддог байдал бий болчихож. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбоотойгоор зохион байгуулагдаж арга хэмжээнүүдэд үүсч буй уур амьсгал үүнийг батлаад байгаа юм.
-“Глоб интернэшнл” аль ч Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг дэмждэггүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь анхаарал татлаа?
-Миний хувьд арай өөр бодолтой байна. Хэвлэлийн эрх чөлөөний индексийн хувьд хоёр байраар урагшилсан. Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд байгаа гүтгэж, доромжлох зүйл заалтыг хасчихвал ирэх жилийн манай эрх чөлөөний индексэд нэлээд том нөлөө үзүүлэх байх. Мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2011 онд батлагдсан. Өнөөдөр зарим улстөрчийн хувьд мэдээллийн ил тод байдлыг дэмжих соёл дэвшүүлэх гэж оролдож байгаа нь харагдаж байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэр том жишээ нь. 72 цагийн дотор олон нийтэд мэдээлээгүй шийдвэр, захирамжийг цуцална гэж байна. Энэ соёлыг дэлгэрүүлбэл цаашид боломжийн санагдаж байгаа.
-Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний мэдэх эрхийг хамгаалдаг хамгийн чухал зүйл. Тэгвэл энэ эрхийг улс төрөөс хэрхэн хамгаалах вэ?
-Сэтгүүлчдийн хувьд хэцүү шүү дээ. Улс төр, бизнес, эздийн ашиг сонирхол гэдэг хувь сэтгүүлчийн боломж, чадамжаас хамаагүй давчихаад байна. Улстөрчид сэтгүүлчидтэй биш эзэдтэй тохиролцохыг оролддог. Эзэд ч улстөрчтэй тохиролцсон тохиролцооноос олсон ашгаа сэтгүүлчидтэй хуваалцахыг хүсдэггүй. Ийм зүйлийг жирийн сэтгүүлч шийдэх чадамжид би эргэлзэж байна. Сэтгүүлчид өнөөдөр нэн даруй анхаарах зүйлс нь цалин, орлого, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцаа, хамтын гэрээнд хуулийн хүрээнд ажиллаж чаддаг болох. Хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаг болох нь нэн тэргүүний зорилт гэж харж байна. Тэгэхгүй бол давхар давхар хохироод байх шинжтэй.
Хамгийн бага хөлсийг нь аваад, хамгийн хүнд хөдөлмөрийг эрхэлж байна. Олж ирсэн мэдээллийг нь бизнесийн зорилгоор ашиглаад дамладаг. Эсвэл нуун дарагдуулдаг, эсвэл янз бүрийн амлалт өгч олон нийтэд хүргэхгүй байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө гэдэг улс төрөөс, улс төрчид, эздийн ёс суртахуунаас, энэ салбарын төлөө ажиллаж байгаа сэтгүүлчид, тэдний төлөө явдаг төрийн бус байгууллага, холбоод гээд их олон зүйлээс хамааралтай болчихоод байгаа юм. Дээрээс нь хууль эрхзүй хэтэрхий учир дутагдалтай байна л даа.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон болохын хэрээр сэтгүүлчийн ажлын байр нэмэгдсэн. Үүнийгээ дагаад улам тархай бутархай болоод байх шиг. Үйлдвэрчний эвлэл байгуулахад хүртэл идэвх санаачлага гаргадаггүй. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө ядуу гэдэг. Эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа учраас сэтгүүлчид ядуу байгаа юм. Саяын хурал дээр та өөрөө хүртэл хатуу үг гэж онцолж байгаад хэлсэн энэ үгний учрыг асуумаар байна?
-Сэтгүүлчид ерөөсөө өөрсдийнхөө төлөө зүтгэдэггүй, эрхээ мэддэггүй, ойлгодоггүй, эвлэлдэн нэгддэггүй. Би яагаад ийм хатуу үг хэлсэн бэ гэхээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юу ч хийсэнгүй гээд шүүмжлээд байдаг. Сэтгүүлчдийн эвлэл юу хийх эрхзүйн чадамжтай вэ гэдгийг нь эхэлж тодорхойлчихоод тэр хийх ёстой юмаа хийгээгүй бол юу ч хийсэнгүй гэж шүүмжилж болно. Сэтгүүлчдийн эвлэл төрөөс давсан байгууллага биш. Төрийн бус байгууллагын хуулийн дагуу, өөрсдийн баталсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ байгууллага өөрийн чадал хүрэхгүй юмыг хийж чадахгүй шүү дээ. Би түрүүнд хэлсэн. Хөдөлмөрийн харилцааны асуудал дээр бид үнэхээр хүч хүрэхгүй байна, хууль эрхзүйн чадамж нь алга, манайх бол зүгээр л мэргэжлийн холбоо, үйлдвэрчний эвлэл биш гэдгийг хэллээ. Харин олон улсын сэтгүүлчдийн байгууллага бол цэвэр үйлдвэрчний эвлэл. Энэ олон жил Монголын сэтгүүлчдийн байгууллага олон улсын сэтгүүлчдийн байгууллагыг хулхидаж өнөөдрийг хүрсэн. Анх элсэхдээ манайх цэвэр үйлдвэрчний эвлэл гэж хэлээд элсчихсэн. Манай сэтгүүлчдийн эвлэлийн удирдах зөвлөлийн 23 хүний 20 нь ажил олгогч гэдгийг мэдэх юм бол бид шууд хасагдана. Би сүүлийн үед бодож байна. Шууд үнэнийг нь хэлээд олон улсын байгууллагаас уучлалт гуйгаад, гишүүнчлэлээсээ татгалзья. Тэгэхгүй бол дээр үеийн мундаг том малгайтай үйлдвэрчний эвлэл ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл над дээр буугаад байдаг. Урд хүмүүсийн олон улсад худлаа хэлсэн, эрээ цээргүй загнасны төлбөрийг би үүрч чадахгүй. Би сэтгүүлчдийн төлөө хоёргүй сэтгэлээр, цаг наргүй зүтгэсэн. Одоо бол миний уур хүрч байна.
-Яагаад, та илүү тодорхой тайлбарлаж өгөөч?
-Хийх тусам улам үгүйсгэдэг тогтолцоо байна. Өөрсдийнх нь төлөө гүйгээд байхад. Мөнгөгүй ямар байгууллага хүлээлгэж өглөө. Түрүүчийн их хурлаар сэтгүүлчдийн ордон байгуулах гэж байна гээд, Галаарид ямар азтай хүн бэ, бөөн мөнгөн дээр буучихлаа гээд л шагширцгаагаад байсан гэж дуулддаг. Гэтэл яг үнэндээ, ажлаа аваад ордон байгуулах газар чинь хаана байна гэхэд зөвшөөрөл байхгүй байсан шүү дээ. Хотын дарга Г.Мөнхбаяртай дөрвөн удаа уулзсан. Тэгэхэд дөрвөн удаа янз янзын амлалт өгч байгаад бултчихсан. Ордон барих гэж байсан олон тэрбум төгрөг нь хаана байсан юм бүү мэд. Би шинээр энэ байгууллагыг бүртгүүлээд, өнөөдрийг хүртэл зүтгээд, чадлаараа л явж байна. Гэхдээ дүрмийнхээ дагуу хийх ёстойгоо л хийе, чадахгүй юмыг амлахгүй. Тэр сэтгүүлчдийн ордон гэдэг тухайн үеийн толгой эргүүлж байсан хэсэг нөхдийн сонгуулийн өмнөх шиг амлалт байж. Тэрэнд сэтгүүлчид минь битгий найдаарай. Сэтгүүлчдийн эвлэл нь өөрөө толгой хоргодох байргүй байгаа шүү гэдгийг хэлье. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн эвлэл үйлдвэрчний эвлэл шиг ажиллах боломж нь байхгүй. Хуулиар хаалттай шүү. Гуравдугаарт, олон улсын сэтгүүлчдийн байгууллагын өмнө худлаа хэлж байсан бурууг залруулж үнэнээ хэлэх ёстой. Дөрөвдүгээрт, жинхэнэ үйлдвэрчний эвлэлийг сэтгүүлчид өөрсдөө, сайн дурын үндсэн дээр байгуулаад, байгууллагадаа гишүүнээр элсүүлэхэд бид дэмжинэ.
-Энэ салбар дахь идээ бээрийг тэр чигт нь дэлгэе гэж үү?
-Сүүлийн үед жудаг бодож явснаа больё гэж бодох боллоо. Энэ салбарт болохгүй байсан, бугшсан, уламжилж ирсэн ашиг сонирхол, зөрчлийг нээлттэй ярих ёстой юм байна. Залуучууд цаашид энэ байгууллагыг авч яваасай гэж бодож байна. Энэ салбарт өнөөдөр 4-5 мянган хүн ажиллаж байгаа. Энэ олон хүний эрх ашгийг хамгаална, чиний үйлдвэрчин би шүү гээд туг бариад, улс төр хийгээд, нэр хүндээ өсгөөд гүйх мөн ч амархан байна. Гэхдээ би тэгэхийг хүсэхгүй байна. Хоёр алхалгүй баригдах юман дээр худлаа хэлж болохгүй. Урт удаан хугацаанд энэ салбартаа ажиллаж, та бүхэнтэй хамтрах учраас нэр бүтэн, цэвэр баймаар байна.
-Өнгөрсөн жилийн гол үйл явдал бол яах аргагүй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл байсан. Санаачлагч нь буцаан татсан. Зарим хүн энэ хуулийг Их Хурал батлахгүй нь хэмээн санаа зовж байна?
-Энэ хуулийн төсөл бол үзэл санааны хувьд боломжийн байсан. Эздийн ашиг сонирхол бага туссан шиг байгаа юм. Тэгээд эздийн зүгээс эсэргүүцэл гарсан байх, Их Хуралд сууж байгаа нөхдүүдийн нэлээд хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ил далд эзэд юм байна. Тэдний ашиг сонирхол ороод ирсэн учраас хуулийн төслийн анхны үзэл санаа гуйвах вий, өөрийнх нь нэрээр үл бүтэх хууль гарчих вий гэсэн болгоомжлол байсан юм болов уу гэж ойлгож байгаа. Энэ хууль гарах ёстой. Хүссэн ч хүсээгүй ч шаардаад, аяндаа хуультай болох цаг ирэх байх. Үйлдвэрчний эвлэлийн асуудал ч олон жил урсгалаараа явлаа. Эзэд үйлдвэрчин л байгуулж болохгүй шүү гэж эрхлэгч, гүйцэтгэх захирал нартаа захисан байдаг. Гэтэл өнөөдөр жинхэнэ утгаараа үйлдвэрчин байгуулагдах эхлэл тавигдаж байна шүү дээ.
-Сэтгүүлчдийн ёсзүйн талаар жил бүр асуудаг л даа. Дахиад асуухгүй байж болохгүй нь?
-Учиргүй цэвэр тунгалаг, ёсзүйтэй байх орчин нөхцөл нь байна уу даа. Би бол алга л гэж харж байна. Улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөө ийм хүчтэй, улс төр нь ийм бохир заваан, улаан цайм худлаа хэлээд тэр нь баригдаад байхад улайх ч үгүй суугаад байдаг ийм л цаг үед амьдарч байна шүү дээ. Ёсзүйн асуудлыг доороосоо дээшээ шийдэхгүй бол дээрээс нь тунхагийн чанартай баримт бичиг гаргаад, Монголын сэтгүүлчид дагаж мөрдөнө гээд их хурлаараа батлаад нэмэргүй юм билээ. Сэтгүүлчдийн 15 дугаар их хурлаар ёсзүйн дүрэм баталсан. Даанч амьдрал дээр хэрэгждэггүй. Тэгэхээр тухайн сэтгүүлч би ийм ёсзүйн алдаа гаргах эрхгүй гэдгээ дотоод хуулиараа бий болгох хэрэгтэй. Тухайн редакци өөрийн ёсзүйн дүрмээ зохиодог, мөрдөхийг хичээдэг байх ёстой. Дараа нь мэргэжлийн байгууллага нь гишүүдийнхээ дүрмийг хамтдаа боловсруулдаг. Ингэж доороосоо дээшээгээ хэрэгжих ёстой юм байна.
-Бид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Үйлдвэрчний эвлэлтэй болох талаар ярилцаж эхэллээ. Дандаа муу муухайг ярих гэхээс ололт амжилтаа бас дүгнэмээр байна. Ярилцлагын төгсгөлд мэргэжил нэгт нөхөддөө баярын мэндчилгээ ч дэвшүүлэх байх?
-Сайн, муугаар сав дүүрдэг гэдэг. Өнгөрсөн нийгмийн үеийн сэтгүүлчдийн ажиллаж байсан, үзэл бодлоо илэрхийлж байсан тэр нөхцөл байдалтай харьцуулвал бид өнөөдөр диваажинд байгаа шүү дээ. Би ганцхан жишээ хэлье. 1988 оны сүүл хавьд одоогийн МУБИС, тэр үеийн багшийн дээд сургуулийн оюутан Дарь Сүхбаатар гэдэг залуу хэдэн нөхөдтэйгээ хамтраад жижигхэн хэвлэмэл сонин гаргасан юм. Сониныхоо нэгдүгээр нүүрэнд Дашдоржийн Нацагдоржийн “Гагцхүү наран хэвээр үлдмой” гэсэн шүлгийн мөрийг бичсэний төлөө НАХяам дуудаад за та нар ганцхан нарыг үлдээнэ гэсэн байна гээд хардаж сэрдээд, гурав дахь дугаараас нь тэр сониныг хаасан юм. 25 жилийн өмнө тийм л эрх чөлөө байсан. Харин өнөөдөр хүн болгон дуртай юмаа бичих, тэр битгий хэл зохиох гүтгэх, байж болох бүх эрхийг нэг талдаа эдэлж байгаа. Нөгөө зүйл нь техник технологи, мэдээлэл олж авах, түгээх боломжийн хувьд сэтгүүлчид ямар ололтуудыг ашиглаж байна. Ийм сайхан боломж байна. Технологийн хувьд гайхамшигтай өндөр төвшинд хүрлээ. Энэ бол гайхамшиг. Ийм сайхан гэгээн зүйлс байна. Дээрээс нь цахим ертөнц гээд гайхамшигтай зүйлд зэрэгцэн амьдарч байна. Тэгэхээр уламжлалт сэтгүүлзүйд тавигдаж байгаа ёсзүй, хууль эрхзүйгээ цэгцэлчихвэл бусад боломжууд бидэнд хангалттай байна. Тиймээс би сэтгүүлзүйг гэгээн талаас нь хардаг. Сэтгүүлчид хөрвөх чадвар сайтай, хэл устай, технологийн мэдлэг сайтай болсон байна. Өчигдөр болсон асуудал өнөөдөр энгийн болж хувирдаг. Тэгэхээр түрүүний бид хоёрын халагласан олон асуудал маргааш гэхэд аль хэдийнэ шийдэгдчихсэн, манай дараа үеийнхэн тэр нөхцөлд ажиллах байх. Монголын сэтгүүлзүйд өөдрөг, гэгээн ирээдүй байгаа шүү. Энэ салбарынхандаа бүгдэд нь хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.
Сэтгэгдэл ( 3 )
ҮҮНЭЭС ИЛҮҮ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ БАЙХГҮЙ. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ДЭНДҮҮ ИХ ЭРХ ЧӨЛӨӨНДӨӨ ГАЛЗУУРЧ БАЙГАА ШҮҮ !!!
Энэ нэг маанаг юм Монголын сэтгүүл зүйг ёстой нэг баллаж байнаа.
Тэнэг сэтгүүлчид. Аль нэг нам улс төрчийн хормойнд чирэгдээд л...