Ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge - 2026” тэмцээн боллоо. Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Боловсролын газар болон Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 83 сургуулийн 700 орчим сурагч оролцлоо. Тодруулбал, сурагчид үндсэн 14 төрөлд мэдлэг, ур чадвараа сорьсон юм.

Тэмцээний үйл ажиллагааг нээн нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр “Өнөөдөр энд цугларсан оролцогчид бол маргаашийн инженер, зохион бүтээгч, технологийн манлайлагчид билээ. Та бүхний бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа бүхэн улс орны хөгжил дэвшлийн үндэс болно гэдэгт итгэл төгс байна. Иймд оролцогчид та бүхнийг мэдлэг, ур чадвараа дайчлан багаар үр дүнтэй хамтран ажиллаж, шинэ санаа, шилдэг шийдлүүдийг гарган амжилттай ажиллахыг хүсье” хэмээв.

Мөн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хүрэлцэн ирсэн оролцогч, шүүгч, зочдод талархал илэрхийлэн “Нийслэлээс шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр роботын тоног төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж байна. Ингэснээр инженер, технологийн чиглэлд сонирхолтой сурагчид уг тэмцээнд оролцож, цаашид Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж нээгдэх юм” гэлээ.



Сэтгэгдэл ( 0 )