"Эхнэрийн урхи" киноноос "трауматай" болсон жүжигчин Ким Со Хён

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2008 онд анх дэлгэцнээ цацагдаж байсан "Temptation of Wife" буюу "Эхнэрийн урхи" олон ангит кино дахин дэлгэцнээ гарч эхлээд байгаа билээ. Өшөө авалтын бэлгэ тэмдэг болтлоо өнөөг хүртэл яригдсаар ирсэн тус киноны гол дүрийн жүжигчдийн нэг болох жүжигчин Ким Со Хён энэхүү кинонд тоглосноосоо хойш "трауматай" болж байсан тухайгаа хуваалцаж байжээ. 

 

Карьерийн уналт уу, эсвэл өсөлт үү? 

Найзынхаа нөхрийг булаах хүсэлдээ автан эцэс төгсгөлгүй тэмцэх Шин Э Ригийн дүрийг бүтээсэн тэрээр 1973 оны 10 дугаар сарын 28-нд төржээ. 1994 онд дебютээ хийсэн жүжигчин бүсгүйн карьерийг энэхүү киног өсгөсөн үү, эсвэл унагаасан уу? гэдэг тун ч маргаантай. Учир нь энэхүү киногоор тэрээр хэн бүхэнд танигдаж чадсан ч дүр нь хэтэрхий хүчирхэг байсан тул дараагийн хэдэн жилд нэг ч киноны санал авч чадаагүй байна. 

Тухайн үед жүжигчин бүсгүй кино гарч дуусмагц зар сурталчилгаа болон киноны саналд дарагдана гэж бодож байсан ч эсрэг дүрийг "хэт сайн" гаргасан тул санал ирэхгүй хэдэн жил болж, энэ нь түүнд "траума" үүсгэсэн гэжээ. 

 

 

Кино гарч дууссаны дараа үзэгчид түүнийг хувь хүн биш, харин Шин Э Ригээр хүлээн авч үзэн ядаж байсан нь түүнд их хүнд туссан гэдэг. Зураг авалтын үеэр маш их орилж, хашхичиж, сэтгэл хөдлөлөө гадагшлуулдаг байсан тул бие болон сэтгэл зүйн хувьд тэрээр ихэд ядардаг байжээ.

Жүжигчин бүсгүй энэхүү дүрээрээ 2009 оны SBS Drama Awards-аас "Шилдэг жүжигчин" шагнал хүртсэн. Хэдийгээр уг дүрээс үүдэн хэдэн жилийг хүндхэн өнгөрүүлсэн ч үүний дараа өөрийгөө улам бүр хүчирхэгжүүлсэн нь түүний хувьд томоохон ололт байсан тухай тэрээр дурдсан байна. 

 

Трансжендер хэмээн андуурагдсан "гоо бүсгүй"

Түүнийг трансжендер эмэгтэй гэх яриа "Temptation of Wife" киноны дараа гарч байсан. Гэсэн ч энэ нь ердөө цуурхал бөгөөд жүжигчин бүсгүй 1992 онд "Miss Gangwon" гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож байсан бөгөөд энэ нь түүний урлагт хөл тавих эхлэл болж, Өмнөд Солонгосын "төмөр хатагтай" болгосон. 

Аз сорьсон дүрүүдэд тоглох дуртай тэрээр 2021 онд "Mine" цувралд ижил хүйстэн эмэгтэйн дүрийг бүтээжээ. Энэ талаар өгсөн ярилцлагадаа тэрээр энэхүү дүрийг ямар нэгэн бэлгийн цөөнхийн асуудал гэхээсээ илүү "цэвэр хайр дурлалын түүх" гэдэг талаас нь харж сонгосон гэдгээ хэлж байжээ.

 

 

Дүрийн төлөөх золиос

 

Тэрээр "Sky Castle" хэмээх кинонд тоглосон дүрээрээ мөн үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Энэхүү дүр нь мөн л түүнд золиостой хамт ирсэн бөгөөд жүжигчин бүсгүй гөлгөр, өөгүй үс засалтын улмаас халзрахад хүрчээ. 

Энэ тухайгаа тэрээр "Толгой маань маш их өвддөг байсан. Үүндээ ихэд бухимддаг байсан. Энэ байдал маань хүндрээд үс маань халзарч, хуйхны зарим хэсгээ нүүр будалтын аргаар дүүргэх шаардлагатай болдог байсан" хэмээсэн байна. 

 

 

Ажилтайгаа "гэрлэсэн" эмэгтэй

Жүжигчин Ким Со Хён өөрийгөө "ажилтайгаа гэрлэсэн эмэгтэй" хэмээн тодорхойлдог. Учир нь тэрээр энэ жил 53 нас хүрч байгаа ч нэг ч удаа гэрлэж байгаагүй бөгөөд гэрлэлтэд огт яардаггүй, өөрийн карьер болон хувийн хөгжилдөө илүүтэй анхаарал хандуулахыг хүсдэг талаараа учирлажээ. 

2018 онд түүнийг жүжигчин И Мин У-тай гэрлэх гэж байгаа гэм мэдээлэл цахим орчинд цацагдаж байжээ. Гэсэн ч энэ нь ердөө баталгаагүй цуурхал төдий зүйл байсан ба хоёр талын харьяа агентлагууд "Энэ бол ямар ч үндэслэлгүй, инээдтэй цуурхал төдий зүйл" хэмээн тайлбар хийж байсан аж. Жүжигчин И Мин У саяхан өгсөн ярилцлагадаа энэхүү утгагүй цуурхлаас үүдэн жүжигчин бүсгүйгээс уучлалт гуйх хүртэл бодсон тухайгаа хуваалцсан байна. 

 

 

Зураг авалтын талбай дээрх хамгийн халамжтай эмэгтэйн гоо сайхны нууц

 

Өөрийнхөө чөлөөт, бие даасан, эрх чөлөөт амьдралдаа дуртай жүжигчин бүсгүй амьтанд тун хайртай нэгэн. Тэрээр мөн зураг авалтын талбай дээр залуу жүжигчдэд тун ч халамжтай, эелдэг ханддаг бөгөөд залуу жүжигчид түүнээс зөвлөгөө авч, үлгэр дуурайл ихээр авдаг байна. 

Түүний хувьд 50 хэдийнэ гарсан ч чийрэг бие, залуу төрхөөрөө олны анхаарлыг татдаг нэгэн. Тэрээр Pilates-ээр тогтмол хичээллэдэг бөгөөд хоолны дэглэм ч мөн чандлан баримталдаг байна. Мөн стрессээс ангид байхыг эрмэлздэг Ким Со Хён арьсаа маш сайн цэвэрлэж, чийгшүүлэхэд анхаарч, нарны тосыг өдөр бүр, тогтмол хэрэглэхийг чухалчилдаг аж.

Саяхан өгсөн ярилцлагадаа тэрээр "Би өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөртөө цаг гаргахыг хамгийн чухалд тооцдог" хэмээн ярьжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top