Artemis-2: Сансрын нисэгчид дэлхийгээс алсарсан зайгаар рекорд тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Artemis-2” түүхэн нислэгт оролцож буй сансрын нисэгчид хүн төрөлхтөн сансрын эзэмшиж буй түүхэнд дэлхийгээс хамгийн хол зайд алсарч, сарны цаад талыг харж, түүхэнд нэрээ үлдээлээ.

Artemis-2 нислэгт оролцож буй НАСА агентлагийн сансрын нисэгч Рид Уайзмен, Виктор Гловер, Кристина Кох болон Канадын Жереми Хансен нар дэлхийгээс 406 770 км холдож, дээд амжилт тогтоожээ. Өмнөх рекордыг /400 171 км/ “Apollo 13” хөлгийн баг эзэмшиж байв.

“Orion” хөлөг сарны цаад талд гарах үеэр Хюстон дахь Нислэгийн удирдлагын төв сансрын нисэгчидтэй тооцоолсны дагуу 40 минутын турш холбоо тасарсан байна. Энэ үеэр хөлөг сарны гадаргуугаас 6550 км өндөр нисжээ. Ийм зайнаас сансрын нисэгчид сарны цаад талын гадаргууг нарийвчлан харж, зургийг нь авах боломжтой байжээ.

Эрдэмтдийн анхаарлыг сарны туйлын бүсүүд мөн ихээхэн татаж байгаа. Тэнд ирээдүйд буулт хийхээр төлөвлөж байгаагаас гадна эдгээр бүсэд мөс бий гэж таамаглаж байгаа юм.

Өдгөө сансрын нисэгчид даалгавраа амжилттай биелүүлж, эх дэлхий рүүгээ харих замдаа гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top