- АН цаасан дээрхийг хамтдаа хийсэн, амьдрал дээр хэрэгжүүлэхийг нь МАН хий дээ-
Өчигдөр АН-ынхан сонгууль угтсан ээлжит шоугаа хийлээ. АН-ын зүгээс хэвлэлийн хурал зарлан “Хоёр намын дарга нар хамтарсан мэдээлэл хийнэ” гэсэн зар тараажээ. Үнэндээ тус намынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр иймэрхүү утгатай зүйл ярьснаас биш Монгол Ардын Намд албан ёсоор бичиг илгээгээгүй, Ерөнхий сайд С.Батболдод энэ тухай огт дуулгаагүй болохыг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан баталсан юм. Хамтарч хуралдах саналыг нөгөө тал нь дуулаагүй юм чинь ирэхгүй нь мэдээж шүү дээ.Харин АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэлцэж тохироогүй хэвлэлийн хуралд зориуд гүйж ирчихээд “Ерөнхий сайдыг уриад байхад тоосонгүй” хэмээн уйлах шахав. Тэрбээр “Энэхүү хэвлэлийн хурал нь сонгуультай холбоотой шоу биш” хэмээн хэлсэн ч утгагүй шоуг дэглэх гээд урагшгүйтсэнээ анзаарсангүй бололтой. Түүний үйлдэл гэм хийсэн хүүхэд зүв зүгээр байж байхад л “Би яагаач үгүй” гэж хэлээд өөрийгөө барьж өгдөгтэй адил санагдсан. Н.Алтанхуягийн хэлж буйгаар Засгийн газрын үйл ажиллагаа удаашралтай байгаа учраас ам нь загатнаад хэвлэлийн хурал зарласан юм байх. Чуулганы чөлөөт цагт хийх ажил нь багадсан уу, ямартаа ч тэрбээр яах гэж хэвлэлийн бага хурал зарласнаа ч сайн ойлгоогүй бололтой. Өрсөлдөгч намын дарга урилгыг минь хүлээж авсангүй гэсэн арга ядсан жүжиг зохиох гэж оролдсон нь түүний хүссэнчлэн амжилтад хүрсэнгүй. Инфляц, үнийн хөөрөгдөл үүсгэхгүйн тулд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг гурав хувааж өгөхөөр Засгийн газар өнгөрөгч долоо хоногт шийдвэрлэсэн. Харин Н.Алтанхуяг гурав хувааж өгөх ёсгүй, шууд бүтнээр олгох хэрэгтэй гэж дайраад байгаа нь “Нэг сая төгрөгийг бүрнээр нь өгөөд, заавал инфляц үүсгэж, дараа нь МАН-тай хариуцлага тооцно” гэж хэлж байгаатай ижил сонсогдож байна. Хэвлэлийн хурлын үеэр Н.Алтанхуягаас “Зах зээлд бэлэн мөнгө ихээр гаргавал инфляц өсөхгүй юу” гэдгийг асуухад “Надад хамаагүй, С.Батболдоос асуу” гэж хариулсан билээ. Хамтарсан Засгийн газар хамтарч ажилласан хугацаанд улс орон, ард түмний эрх ашигт нийцсэн олон томоохон асуудлыг шийдсэн. Тэдгээрийн нэг нь ард иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр болон хувьцаа хэлбэрээр олгох болсон явдал юм. Харамсалтай нь АН засгаас гармагц хамтарч бүтээсэн бүхэн рүүгээ зориудаар нулимж байгаа нь өөрсдийнхөө хийснийг ч үгүйсгэж буйтай ялгаа юун. АН-ынхан сонгогчдын өмнө хамтарч ахуйдаа хийсэн ажлаараа хамгийн түрүүнд нүүр тахалдаг атлаа саарал ордонд оронгуутаа бултаж зугтаад байгаа нь юуны учир вэ. Сая төгрөгийг гурав хувааж олгохдоо Засгийн газар эдийн засгийн өнөөгийн чадавхид нийцүүлэн инфляц хөөрөгдөхгүй байхыг эрхэмлэсэн. Хэрвээ бөөнөөр нь өгвөл цалин өсөх сургаар л бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг жишиг энэ удаад ч давтагдахгүй гэх баталгаагүй. Харин юмны үнэ өсч иргэдийн нуруун дээр хүнд дарамт ирвэл хариуцлагаас зугтаж хашааны нөгөө талд гарчихсан Н.Алтанхуяг дарга холоос ажигласан шигээ тохуурхаж суух юм байна. Улстөржиж, үүнээс ашиг хонжоо л олж байвал ард түмний амьдралд бараан сүүдэр тусах нь мань хүнд огтоос хамаагүй аж.Хэдийгээр тус нам засгийн эрхийг бариагүй ч ард иргэдийн амьдралын чанарт нөлөөлөх иймэрхүү асуудлаар иргэдийн толгойг эргүүлэх хэрэггүй баймаар. Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан “Хамтарсан Засгийн газрын үед хийгдэж байсан ажлууд үргэлжлээд явж байна. Харин АН гурван жил зургаан сар хамтарч ажиллах үедээ хошуугаа нэмэрлэчихээд, хийх цаг ирэнгүүт хуруугаа хүргэхгүй хариуцлагаас зугтаад гарсан. Одоо харин улстөр хийгээд, эргээд бидэн рүү дайрч, буруу өгөх гээд байна. Сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл гэвэл АН-ын зүгээс засгийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар саад хийж, гацаах, удаашруулах, иргэдэд буруу ойлголт төрүүлж, төөрөгдүүлэхийг гол зорилгоо болгосон юм шиг байна. Тэгэхээр удаа дараа ийм үйлдэл давтагдах нь дамжиггүй” хэмээсэн. Сонгууль дөхөөд Н.Алтанхуягийн арга нь барагджээ дээ, янз нь.
Б.БАТ-ЭРДЭНЭ
www.UNEN.mn
Сэтгэгдэл ( 0 )