Трамп: НАТО маш бүдүүлэг алдаа хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах уриалгаас нь татгалзсан НАТО-ийн холбоотон орнуудыг хатуу шүүмжилж, АНУ-д хэний ч тусламж хэрэггүй гэж мэдэгджээ.

Тэрбээр НАТО-ийн гишүүн орнууд болон бусад улс оронд хандан Ормузын хоолойд цэргийн онгоцнуудаа илгээхийг хүссэн билээ.

Тэрбээр Truth Social сүлжээнд нийтэлсэн постдоо НАТО-ийн ихэнх холбоотон орнууд Ираны дэглэмийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд ямар нэг байдлаар оролцохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн гээд АНУ нь олон зуун тэрбум ам.долларыг эдгээр орныг батлан хамгаалахад зарцуулж байхад тэд ялангуяа энэ хүнд цаг үед бидний төлөө юу ч хийхгүй байгаад гайхахгүй байна. Учир нь НАТО бол нэг урсгалтай гудамж юм гэжээ.

Трампын урилгад Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зөвхөн цэргийн ажиллагаа дууссаны дараа л Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах асуудлаарх эвслийг байгуулахад бэлэн гэж мэдэгджээ. Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус “Энэ бол бидний дайн биш. Бид үүнийг эхлүүлээгүй” гэсэн бол Герамын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штефан Корнелиус НАТО энэ дайнд ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер холбоотон орнуудтай хэлэлцээ хийж байгаа бөгөөд эцсийн шийдвэрт хүрээгүй гэжээ.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь БНХАУ АНУ-аас цэргийн хөлөг онгоцнуудаа илгээх хүсэлт авсан эсэх, ямар хариу өгсөн эсэх талаарх сэтгүүлчийн асуултад, Хятад улс бүх талд хандан цэргийн ажиллагааг зогсоохыг уриалж, мөргөлдөөнийг намжаахын тулд бүх талтай холбоотой ажиллаж байгаа гэв.

АНУ-ын холбоотнуудаас Персийн булангийн газрын тосны нийлүүлэлтээс хамгийн их холбоотой улс болох БНСУ, Япон улс Трампт тодорхой хариу өгөөгүй байна  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top