АНУ–Ираны дайн АНЭУ-ын бизнесийн баян бүрдэд хэрхэн нөлөөлөв

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 23

 

Иран хэдэн долоо хоногийн турш хөрш орнууд руу, тэр дундаа Арабын Нэгдсэн Эмирт Улс болон түүний хамгийн том төв болох Дубай руу дрон, пуужингаар байнга харваж байна. Хотын эрх баригчид олон жилийн турш Дубайг олон улсын бизнес, аялал жуулчлалын аюулгүй төв гэсэн имижтэй болгохыг зорьж ирсэн. Харин одоо Дубайд дронууд унаж, бэлгэ тэмдэг болсон барилгууд шатаж буй дүрс бичлэгүүд цахим сүлжээгээр тархаж байна. Шинэ дайн Дубайн имиж болон эдийн засагт ямар нөлөө үзүүлж буй талаар ВВС бичжээ.

Дайн эхлээд хоёр долоо хоногоос илүү хугацаа өнгөрсөн ч Дубай, ялангуяа нисэх буудал болон боомтын бүсүүд дроны халдлагатай тогтмол тулгарсаар байна.

Ираны цохилтууд Дубайд жинхэнэ хар дарсан зүүд болж байна. Учир нь тус хот өөрийгөө тогтворгүй бүс нутгийн дундах “аюулгүй баян бүрд” гэж тодорхойлж ирсэн. Үүнтэй зэрэгцэн эрх баригчид инфлюнсрүүдээр дамжуулан имижээ хамгаалахыг оролдож байгаа бөгөөд “үндэсний эв нэгдэл эсвэл улсын нэр хүндэд хохирол учруулах” нийтлэлүүдэд торгууль, бүр хорих ял оноож болзошгүйг анхааруулжээ.

Дубайд амьдарч буй хүмүүсийн 90 гаруй хувь нь гадаадын иргэд. АНЭУ гадаадын бизнес эрхлэгч, инфлюнсер, мэргэжилтнүүдийг татах бодлого баримталж ирсэн. Зөвхөн Дубайд л гэхэд ойролцоогоор 50 мянган инфлюнсер амьдардаг гэж CNN мэдээлжээ. Тус улс бага татвар, виз ба оршин суух таатай нөхцөл, дулаан уур амьсгал, тансаг барилга байгууламжаараа гаднынхныг татдаг.

Ираны довтолгооны дараа “Дубайн гайхамшиг” аюулд орлоо. Эхний өдөр дронууд Дубайн нисэх буудалд цохилт өгч, дэлхийн томоохон агаарын тээврийн төвийн ажиллагааг зогсоосон бөгөөд үнэтэй зочид буудлууд, Палм Жумейра хиймэл арал хүртэл өртсөн.

Дубайн гайхамшиг

XX зууны дунд үед Дубайд газрын тос илэрч, эдийн засаг нь үүнд тулгуурлан хөгжиж байв. Гэвч XX зууны төгсгөлд эмирт улс стратегиа өөрчилж, дэлхийн бизнес төв, аялал жуулчлалын чиглэл болох зорилт тавьсан. 1980-аад онд Emirates агаарын тээврийн компани байгуулагдаж, хиймэл арлууд, тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэж эхэлжээ.

Хөрш зэргэлдээх Абу Дабитай харьцуулахад (АНЭУ-ын газрын тосны 90%-ийг эзэмшдэг) Дубайн ДНБ-д газрын тос ердөө 2%-ийг эзэлдэг.

 Жилд дунджаар 20 сая орчим жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар нь 30 тэрбум долларын орлого олдог. Агаарын тээврийн төв болон Emirates компани 30–40 тэрбум долларын орлого бүрдүүлдэг. Мөн Ойрх Дорнодын хамгийн том Жабаль-Али боомт энд байрладаг.

Сүүлийн таван жил дараалан АНЭУ гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна.

 

 

Ингэснээр Дубай нь Дорнод болон Өрнөдийг холбосон бизнесийн төв гэж ойлгогдох болсон билээ.

Гэсэн хэдий ч дайнаас өмнө ч энэ загварын тогтвортой байдалд эргэлзэх асуудал байжээ. Дубай гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдаанаас ихээхэн хамааралтай. Мөн технологийн компаниуд харьцангуй цөөн.

Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг “эдийн засгийн хөөс” байж болзошгүй гэж UBS банк анхааруулж байсан. Гэсэн ч Токио, Майамитай харьцуулахад эрсдэл бага хэвээр.

Нөгөө талаар, нийгмийн тэгш бус байдал их. Дубай нь нийгмийн хоёр давхаргаас бүрдэнэ. Нэг талд нь баячууд, бизнес эрхлэгчид, жуулчид, нөгөө талд нь ядуу орнуудаас ирсэн сая сая хөдөлмөрийн цагаачид. Тэд ихэвчлэн хүнд нөхцөлд ажиллаж, эрх нь зөрчигддөг гэж Human Rights Watch тэмдэглэжээ.

 Эдийн засаг, сэтгэлзүйн хохирол

Юуны өмнө аялал жуулчлал хамгийн их хохирол амссан. Дайны улмаас олон мянган жуулчин гацаж, нислэгүүд зогсож, эрэлт огцом буурсан.

АНЭУ болон Катар гацсан жуулчдын байр, хоолны зардлыг даахаар болсон ч нийт хохирол тодорхойгүй байна. Мянга мянган жуулчин, оршин суугчид Дубайг орхин гарав. Эхний долоо хоногт л 80 мянган захиалга цуцлагджээ. Дубайн нисэх буудал мөн бүрэн хүчин чадлаар ажиллахаа больжээ.

Азийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө Сингапур, Хонконг зэрэг газрууд руу шилжүүлэх талаар бодож эхэлсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл ч хохирох эрсдэл өндөр байна. Дайн эхэлснээс хойш 10 хоногийн дотор барилгын компаниудын индекс 20 хувиар буурчээ.

Гадаадын хэвлэлүүдийн үзэж байгаагаар энэ бүх үйл явдал Дубайн эдийн засаг болон “шинэ үеийн дэлхийн хот” гэсэн имижид хүчтэй цохилт болсон. The New York Times хэвлэл “Дубай дайнд зориулагдан баригдаагүй” гэж бичжээ.

 

 

Иран яагаад Персийн буланг довтлов?

Саудын Араб, Бахрейн, Кувейт, Оман ч мөн Ираны довтолгоонд өртсөн. Иран бүс нутгийн орнуудтай найрсаг харилцаатай байгаагүй. Бүс нутгийн ихэнх оронд АНУ-ын цэргийн баазууд байрладаг бөгөөд тэд АНУ-тай батлан хамгаалах, эрчим хүч, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажилладаг.

Иран зөвхөн цэргийн бааз бус, зочид буудал, нисэх буудал, дэд бүтцэд цохилт өгч байна. Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем пуужингуудыг андан барьж чаддаг ч дроныг сөнөөх илүү хэцүү. Шинжээчдийн үзэж буйгаар Иран Персийн булангийн орнуудад тогтворгүй байдлыг мэдрүүлэхийг зорьж байна. Ингэснээр эдгээр улсууд АНУ-тай холбоогоо бэхжүүлэх эсвэл мөргөлдөөнийг намжаах гэсэн хоёр сонголтоос аль нэгийг нь сонгох шаардлагатай болно.

CNN агентлагийн бичсэнээр, Дубайд өгсөн цохилтууд нь дэлхийн анхаарлыг татах зорилготой байв. Имиж хамгийн чухал. АНУ-тай харилцаагаа сулруулах талаар ч Персийн булангийн орнууд бодож магадгүй.

АНЭУ-ын зарим бизнес эрхлэгчид Трампыг шүүмжилж эхэлсэн. Нэгэн тэрбумтан “Танд манай бүс нутгийг дайнд татах эрхийг хэн өгсөн бэ” гэж асуужээ. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан хөрш орнуудаас уучлал хүсэж, хэрэв тэдний нутаг дэвсгэрээс АНУ Ираныг довтлохгүй бол дахин цохилт өгөхгүй гэж мэдэгдсэн.

Гэсэн ч пуужин, дроны довтолгоо үргэлжилсээр байна. Хоёрдугаар сарын 28-наас хойш Персийн булангийн орнуудад халдлагын улмаас дор хаяж 12 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top