
ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар өчигдөр буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо.
Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна.
Шоуны оролцогч У.Бэлгүдэй өөрийгөө "суралцагч" хэмээн тодорхойлжээ.
Сурахынхаа хажуугаар өөрийн бизнесийг эхлүүлэн чамгүй амжилттай яваа тэрээр Монгол Улсын усанд сэлэлтийн рекордыг 7 удаа шинэчлэн тогтоож байсан нэгэн. 6 настайгаасаа эхлэн усанд сэлэлтийн спортоор тасралтгүй 15 жил хичээллэж байгаа У.Бэлгүдэй бэлтгэлээ хийхийн хажуугаар усанд сэлэлтийн спорт сонирхогчдод ганцаарчилсан сургалт ордог байна.
Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж яваа тэрээр сэтгэхүйн рекордоо эвдэхээр гараанаас гарлаа. Хязгааргүйд тэмүүлэх хүсэл нь түүнийг хааш нь хөтлөх бол?

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ.
Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.
"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино"


Сэтгэгдэл ( 0 )