Жерар Депардье хүчингийн хэргээр дахин шүүхэд дуудагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 03

Францын кино урлагийг нэгэн цагт нуруундаа үүрч гарсан гэгддэг эдүгээ 76 настай жүжигчин Жерар Депардье хүчингийн хэргээр шүүхэд дуудагдлаа.

2021 онд Парист кино зураг авалтын үеэр хоёр эмэгтэй жүжигчинд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 18 сарын тэнсэн харгалзах ялыг түүнд өнгөрсөн тавдугаар сард оноосон юм. Тэгвэл одоо 2018 онд болсон гэх хүчингийн хэргийн гомдлын дагуу шүүхэд дуудагдаад байна. Хэрвээ буруутай нь тогтоогдвол 20 жилийн ял оноож магадгүй гэнэ.

2018 онд найзынхаа охин, жүжигчин Шарлотта Арног гэртээ хоёр удаа хүчиндсэн гэж түүнийг буруутгаж байгаа юм. Өмнө нь Шарлотта Арно энэ хэргээр шүүхэд Депардьег өгсөн ч ял үүрүүлж чадаагүй. Харин энэ удаад нотлох чухал баримт олсон гэх мэдээлэл цацагдаад байна.

Депардье анх удаа Арнотой холбоотой шуугиан дэгдэхэд “Би хэзээ ч эмэгтэй хүнийг дээрэлхэж, доромжилж байгаагүй. Бид хоёрын хооронд болсон явдал бол харилцан тохиролцсон зүйл байсан” гэж мэдэгдэж байлаа. Одоо 29 настай Шарлотта Арно шүүхэд хандсаныхаа дараагаар “Долоон жилийн өмнө тохиолдсон тэр аймшигт явдлын дараагаар юуны эсрэг тэмцэж буйгаа мэдэрч байна. Мэдрэх тусмаа санаа минь амарч байна” гэжээ.

Жерар Депардьегийн өмгөөлөгчид Шарлотта Арногийн мэдүүлгийг “Ор үндэсгүй худал гүтгэлэг” гэж мэдэгдсэн. Депардье сүүлийн жилүүдэд хүчин, бэлгийн дарамт гэх хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй этгээдэд тооцогдож, байнгын хяналт дор байгаа ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top