Гильермо Дель Торогийн “Франкенштейн” 15 минут алга ташуулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 01

Венецийн кино наадамд дэлгэцийн урлаг шимтэн сонирхогчдын ихэд хүсэн хүлээсэн “Франкенштейн”-ийг үзүүлжээ.

“Оскар”, “Алтан арслан”-гийн эзэн, найруулагч Гильермо Дель Торо киногоо дэлгэцнээ өгөхийн өмнө хэвлэлийн бага хурал дээр сэтгэл ихэд догдолж буйгаа илэрхийлсэн юм. “Миний хувьд энэ бол шашин шүтлэг. Багаасаа л би католик уламжлал, соёлоор хүмүүжсэн хүн.

Гэхдээ гэгээнтнүүд яг ямар байдгийг сайн мэддэггүй байлаа. Харин дараа нь Борис Карлоффыг дэлгэцнээ хараад гэгээнтэн болон түүний үүрэг гэж юу болохыг ойлгосон. Тийм ч учраас таатай нөхцөл бүрдээд, бүтээл талаасаа бүрэн урлаж чадахаар хэмжээнд өргөн далайцтай ойлгож, мэдэрсэн цагтаа тэр аймшигтай мангасыг заавал бүтээнэ гэж бодсоор өдийг хүрсэн юм. Хосгүй, Дэлхийн хэмжээний бүтээл бүтээнэ гэж бодсоор ирсэн” гэж Дель Торо хэлсэн байна. Борис Карлофф бол 1931 онд “Франктенштейн”-ий гол дүрийг бүтээсэн британи гаралтай жүжигчин юм.

Төгсгөлдөө 15 минутын турш алга ташилтаар “шагнуулсан” энэхүү бүтээлийг урласан найруулагч Гильермо Дель Торо 2017 онд The Shape Water киногоороо “Алтан арслан” хөтлөөд, “Оскар”-д дагуулж очоод “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг дөрвөн төрлөөр ялагч болсон билээ.

1818 онд Мэри Шэллигийн бичсэн сонгодог зохиолоос сэдэвлэсэн бүтээсэн эрдэмтнээ хөнөөдөг мангасын тухай энэхүү киноны доктор Виктор Франкенштейний дүрийг Оскар Исаак бүтээжээ. Харин мангасын дүрд Жэйкоб Элорди тоглосон байна. Мөн тус кинонд Миа Гот, Феликс Каммэрэр, Ларс Миккельсен, Дэвид Брэди, Кристиан Конвери, Чарльз Дэнс, Критстоф Вальц нар тогложээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top