Хүнд үйлдвэрийн төслүүд хөдөлж урагшлах уу!

2025 оны 01 сарын 22

Засгийн газраас Монгол Улсыг хөгжүүлэх 14 мега төслийг танилцуулаад байна. Үүнээс Хүнд үйлдвэрийн чиглэлд Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын, Зэс боловсруулах цогцолборын, Гангийн цогцолборын, Газрын тос боловсруулах цогцолборын, Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл тус тус багтаж байгаа. Энэ бүх үйлдвэрлэл нь манайд зайлшгүй байх ёстой хэдий ч өртөг зардал, чирэгдэл багатай Хөнгөн үйлдвэрийн төслүүдээ олон жилээр гацааж байгаа улс Хүнд үйлдвэрийн энэ нүсэр төслүүдийг хөдөлгөж чадах уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа хүмүүс цөөнгүй бий. Ямартай ч өнгөрөгч 2018 оноос Газрын тос боловсруулах үйлдвэр бариад эхэлчихсэн, нэмэлт хөрөнгө оруулалтаар 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Засгийн газраас танилцуулаад байгаа 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганц модны төмөр зам, Монгол Францын хамтарсан ураны, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станцын төслүүдийг 2025 онд хэрэгжүүлэхээр болсон. 

 

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 2027 АШИГЛАЛТАД ОРНО

 

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2018 онд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шав тавьж эхэлсэн цагаас хойш өдгөө долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх БНЭУ-аас Монгол Улсад зориулж 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсны дагуу энэ мөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн ч төсөв тасарсан учраас Энэтхэгийн Экзим банкаас 450 сая орчим ам.долларын санхүүжилтийн зөвшөөрсөн аж. Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилдээ 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд шатахууны дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой болно гэж үзсэн. Түүнчлэн үйлдвэрийн дэд бүтцийг дагаж нийтдээ 600 гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ. Харин энэ онд танилцуулж байгаагаар бол Газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын шатахууны хэрэглээний 80 хувийг хангахын зэрэгцээ шинээр 700 гаруй ажлын байр бий болно. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын 2025 онд санхүүжих гүйцэтгэлтэй уялдуулан 450 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан аж.

 

ЗЭС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2025 ОНД ЭХЛҮҮЛЭХ ШИЙД АЛГА

 

Зэс баяжуулах үйлдвэр барих асуудлыг 2010 онд УИХ-аар хэлэлцэн, тогтоол гарсан цагаас хойш 15 жил улирч, сүүлд 2017 онд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, 2020 онд ашиглалтад оруулна гэж байсан ч гурван ч Засгийн газар дамжин, өдгөө УИХ-аар эцэслэн шийдвэрлээгүй байна. Тэгэхээр 2025 онд уг төсөл хөдлөхгүй л болов уу. Эхний ээлжинд Засгийн газраас хэлэлцээд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн. Зэсийн томоохон орд болох Оюутолгойг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг барих нь зүйтэй гэж үзсэн. Оюутолгой орд нь 95 жил ашиглах зэсийн нөөцтэй учраас үйлдвэр урт хугацааны турш түүхий эдээр хангагдах бүрэн боломжтой. Мөн Оюутолгойн зэсийн баяжмал дотор алт, мөнгө зэрэг ховор элементүүд агуулагддаг. Ханбогдод зэсийн баяжмалаа боловсруулж, хайлуулснаар Оюутолгойн зэсийн баяжмалд агуулагдаж буй үнэт металлуудыг ялгах, дотооддоо шингээх боломж нээгдэнэ. Оюутолгойн зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулснаар жилд ойролцоогоор хоёр тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөн хөрөнгийн эргэлтийг дотооддоо шингээх боломжтой. Түүнчлэн Ханбогдод зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр барих нь тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардлыг багасгана.

 

ГАНГИЙН ҮЙЛДВЭР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШАТАНД БАЙНА

 

Гангийн үйлдвэр төслийг 2025-2028 онд төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангах бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь нэг их наяд 446 тэрбум төгрөг болох юм. Тус төслийг хууль болгож, хөрөнгө мөнгийг шийдээд эцэслэчихсэн зүйл одоогоор алга. Зөвхөн Засгийн газраас таницуулж байгаа 14 мега төсөлд байгаа л үйлдвэр. Гэхдээ энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, Жөжян мужийн Нинбо хоттой Гангийн үйлдвэр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. “Нинбо” нь гангийн үйлдвэрлэлийн нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн томоохон төмөр гангийн цогцолбор үйлдвэр юм. Гэхдээ бидний ам ажил зөрдөг. Тухайлбал, ямар нэг хууль бодлого гарч төсөв хөрөнгө нь шийдэгдээгүй байхад “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн “Ган боловсруулах цогцолбор”-ыг гурван үе шаттай байгуулж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэж залсан нь харин илүүц хэрэг байв.

 

НҮҮРС-ХИМИ, КОКС-ХИМИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ЭЦСИЙН ШИЙД ГАРААГҮЙ

 

Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газраас танилцуулаад байгаа ч төсөв хөрөнгө нь эцэслэн шийдвэрлэж, УИХ-аар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор барих хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр шатанд 10 сая тонн коксжих нүүрсийг угааж, 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, гурван сая тонн завсрын бүтээгдэхүүн (мидлинг) үйлдвэрлэнэ. Мөн 2.7 сая тонн баяжуулсан нүүрсийг боловсруулж, хоёр сая тонн хатуу кокс, 107 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд үүнээс дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксын бүтээгдэхүүнийг экспортолно гэжээ. Үүнээс Алтанширээтийн үйлдвэр технологийн паркт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ.

 

АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ 20 ГАРУЙ ЖИЛ ЯРИГДАЖ БАЙНА

 

Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай яриа нь 2000 оноос лав эхэлнэ. Олон жил ярьж байгаа ч тодорхой шийдэлд хүрэлгүй явсаар өнөөдөр Засгийн газрын танилцуулсан 14 төсөлд ороод ирсэн. Одоо яах вэ. Аанай л тодорхой бодлого хууль гараагүй, хөрөнгө мөнгө ч шийдвэрлээгүй асуудал яриад сууж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар жилд гадаад орны алт цэвэршүүлэх үйлдвэрт алт цэвэршүүлж, мөнгөжүүлдэг алтны 70 хувийг дотооддоо цэвэршүүлэх боломж бүрдэнэ. Мөн баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улс алтаа одоог хүртэл гадаад орнуудад цэвэршүүлж байгаа учраас үйлдвэр ашиглалтад орсноор үүнтэй холбогдон гарах тээвэр, даатгал, хамгаалалтын зардлыг хэмнэх гээд маш олон давуу тал байгаа ч үйлдвэр барина хэмээн 20 гаруй жил ярьж байна. Чухам энэ удаад яахыг харах л үлдлээ.

 

ЗЭС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ЭРЧИМТЭЙ ЯВЖ ДУУСАХААР БАЙНА

 

Манай улс 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд зэсийн баяжмалыг биржийн худалдаагаар цахимаар арилжиж эхэлсэн. Зэсийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлж, анхны гэрээг байгуулсан Монголын эрдэс баялгийн төлөөлөгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ юм.

Өнгөрсөн хугацаанд зэсийн баяжмал арилжих найман удаагийн захиалгыг Монголын Хөрөнгийн биржид хүргүүлж, нийт дүнгээр 24.000 тонн зэсийн баяжмал арилжаад байна. Тус үйлдвэр нийт баяжмалынхаа таван хувь буюу 30 мянган тонн, ирэх жил энэ хэмжээгээ хоёр дахин их буюу 10 хувийг биржээр арилжахаар төлөвлөж байгаа аж.

С.Баяр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 22

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n

0  |  0
Мөнх(103.57.92.111) 2025 оны 01 сарын 22

Нэр томьёогоо эхлээд зүгшрүүл, дараа нь наад үлгэрээ бич.\nТаван тодгойд цахилгаан станц барих нь мега төсөл мөн үү???? Нүүрсний Цахилгаан станц барих бол орчин үед хүүхдийн эвлүүлдэг тоглоом шиг болсон. Зэс баяжуулах үйлдвэр барих гээд бгаа юмуу хайлуулах үйлдвэр барих гээд бгаа юм уу. Юм бичих дээ анхааралтай хандаж бай.

0  |  0
Top