Эрчим хүчний салбарын алдагдал ба эх үүсвэртэй болох боломж

2025 оны 01 сарын 20

Эрчим хүчний бие даасан байдлыг хангана хэмээн энд тэндгүй шав тавьж, зээл хуй тавьсан. Эхэлсэн нь ч бий, бүтэж боссон нь ч бий, гацсан нь ч бий. “Монгол Улс өртэй байна. Экспортын үйлдвэр алга” гэх мэт олон шалтгаанаар эдийн засаг уруудсан гэдэг ч өр нэмэхгүй байх олон эх үүсвэрээ гацааж байгаагийн нэгэн том жишээ бол эрчим хүчний салбар. Эрчим хүч нэмэгдүүлэхэд уранаасаа илүүтэй гацаанд байгаа хэдэн усан цахилгаан станцаа хөдөлгөж, ашиглалтад оруулах нь чухал болоод байна. Монгол Улсын эрчим хүчний салбар жилээс жилд л алдагдал хүлээж ирсэн алдагдлын акул салбар гэхэд болно. Тэгэхээр эрчим хүчний салбарын сүүлийн хэдэн жилийн алдагдлыг авч үзэхээр 2017 онд 18 тэрбум, 2018 онд 18.8 тэрбум, 2019 онд 59 тэрбум, 2020 онд 88.1 тэрбум, 2021 онд 77.8 тэрбум, 2022 онд 187.3 тэрбум, 2023 онд 74 тэрбум, 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэх статистик бий.

Гэхдээ 2024 оны алдагдлыг салбарынхан тайлбарлахдаа “2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оноос 11.3 хувиар нэмэгдэж, 1636 МВт-д хүрч, дулааны цахилгаан станцууд болон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажилласан. Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ бодит өртөгтөө хүрэхгүй байгаагаас шалтгаалж, эрчим хүчний салбар 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна” хэмээн бодит шалтгаанаа дурдсан. Энэ бол асар том алдагдал бөгөөд жил бүр зуу зуугаар тоолох тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа салбарт яагаад ийм олон жил анхаарсангүй вэ гэх асуудал зүй ёсоор үүснэ. Нөгөө талаар энэ салбарт өрийн сүлжээ үүссэн. Зөвхөн 2024 онд 355 тэрбум төгрөгийн өр үүссэн. Сүүлийн таван жилд 806 тэрбум төгрөгийнг өрийн сүлжээ үүсчихсэн явна. Үүнийгээ тайлбарлахдаа юуны өмнө тоног төхөөрөмж хуучирч элэгдсэн. Цахилгаан дулааны үнэ бодит өртгөөсөө бага байдаг гэх шалтгааныг дурдсаар ирсэн учраас өнгөрөгч онд цахилгаан дулааны үнийг нэмсэн. Уг нь эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг мөн хэдий ч энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч байсангүй.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫН ҮНДЭСНИЙ ХОРОО ХЭРХЭН АЖИЛЛАХААС ИХЭЭХЭН ЗҮЙЛ ШАЛТГААЛНА

 

Өнгөрөгч оны сүүлээр эрчим хүчний реформын үндэсний хороо гэгчийг байгуулж, хорооны даргаар Шадар сайд Т.Доржхандыг томилсон. Ямартай ч хорооны дарга долоон хүнтэй байгууллагынхаа төсвийг 13 тэрбум төгрөгөөр батлуулаад авчихсан. Ингэхдээ гадаад дотоод томилолтод 1.3 тэрбум төгрөг, танилцуулга тараахад 350 сая төгрөг, машины зогсоолд таван сая төгрөг гэх мэтээр арга ядсан төсөв зураад батлуулчихсан байна билээ. Уг нь Т.Доржханд “Зөвхөн цахилгааны үнэ тарифыг нэмэх тухай асуудал биш. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүч байхгүй байгаа. Тиймээс бид дунд шатандаа эрчим хүчийг 100 хувь дотоодоосоо хангах, шаардлагатай үед хоёр хөршөөсөө авах байдлаар зорилт тавин ажилладаг. Эрчим хүчний салбарт цогц шилжилт хийнэ. Цахилгааны үнэ нэмэгдвэл бүх юмны үнэ дагаад өснө гэж ярьж байна. Гэхдээ реформ амжилттай хэрэгжвэл эргээд цахилгааны үнэ буурна” хэмээсэн. Одоо гацаанд байгаа эрчим хүчний салбар энэ хороо хэрхэн ажиллахаас ихээхэн шалтгаална. Үнэхээр шинэчлэх гэж байгаа бол салбарын сайд нь шинэчлэлтэйгээ уялдан ажиллаж чадах хэмжээний хүн байх ёстой ч Б.Чойжилсүрэн гэх мөнгөний сайд чөдөр болж суугааг салбарынхан шүүмжлэх болов. Эрчим хүчний асуудалд үе үеийн сайд нар худлаа уриа лоозон болохоос үл хэтэрч иржээ. Нэгээхэн жишээ дурдахад 2018 онд Ц.Даваасүрэн сайд байхдаа “Эрчим хүчний хэмнэлт-Үр ашгийн жил” болгон зарлачихаад дараа жил нь 7.3 тэрбум эрчим хүч хэмнэсэн” хэмээн ярьж пиар хийснээс хэчнээн төгрөгийн алдагдалд орсон тухай нэг ч үг өгүүлбэр унагаасангүй. Уг нь тус салбар нь 2018 онд 18.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байв.

 

ИМПОРТЫН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРТ ЖИЛДЭЭ 550-680 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ  ӨГЧ БАЙНА

 

Эрчим хүчийг хоёр хөршөөсөө импортолдог учраас асар их мөнгө төлдөг. Зөвхөн 2023 онд ОХУ-аас 938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц, цахилгаан эрчим хүчийг худалдаж авсан бөгөөд импортын цахилгааны төлбөрт 197 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөгийн төлбөр төлжээ. Өдгөө Монгол Улсын хэмжээнд нийт 19 дулааны цахилгаан станц, нарны болон салхин цахилгаан станц ажиллаж байгаа боловч ТЭЦ-IV дангаараа нийт цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг нийлүүлдэг байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2023 онд 8.5 тэрбум кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 0.3 тэрбум кВт.ц-аар буюу 4.3 хувиар өссөн аж. Нийт цахилгааны 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.6 хувийг усан цахилгаан станцаар, 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн байна. Тайлант онд 2.4 тэрбум кВт.ц цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 0.3 тэрбум кВт.ц буюу 13.2 хувиар өссөн үзүүлэлт бий. Дээрх үзүүлэлтүүдийг харахаар яах аргагүй эрчим эх үүсвэрээ өөрсдөө үйлдвэрлэх нь эдийн засагт бодит нөлөөлөл үзүүлнэ. Эх үүсвэр дагасан ажлын байр ч олноор бий болно.

 

УРАН ЯАХ ВЭ, УСАН ЦАХИЛГААН СТАНЦУУД НЬ ХАМГИЙН ОЙР ДӨТ ЗАМ

 

Монгол Улс яагаад эрчим хүчний хамгийн ойр бодит эх үүсвэр болох усан цахилгаан станцуудаа хөдөлгөдөгүй юм бэ гэх асуудал урган гарна. Манайд эрчим хүчний эх үүсвэр нэмэх гэхээр гадна дотны ямар нэгэн саад тотгортой учирдаг. Юуны өмнө хамгийн урт хугацаанд гацаж байгаа 315 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий Эгийн голын усан цахилгаан станц нь Сибирийн урсгалын 580 км-ийн гүнд орших цэнгэг усны чухал нөөц болох Байгаль нуурын усны түвшинг бууруулж болзошгүй гэж ОХУ эсэргүүцэж, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан. Уг нь өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Тэгэхээр өөр ашиг сонирхол байж болох юм. Уг нь Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах шийдвэр анх 1991 онд гарч, 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил болж чадаагүй. Мөн УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсоноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л амжилтгүй болжээ. Харин одоо Засгийн газар 2025 онд хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ илэрхийлсэн. Төсвийн нийт хөрөнгө оруулалт 4.2 их наяд, орон нутгийн хөрөнгө оруулалт 1.8 их наяд төгрөг. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд нийт 3.7 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2032 онд хүртэл хэрэгжүүлэхээр тооцжээ.

 

БӨӨРӨЛЖҮҮТИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

 

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байгуулж буй Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц өнгөрөгч онд ашиглалтад орсон. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож тус станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок нь 2027 онд, дөрөвдүгээр блок нь 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангана. 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно.

 

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

 

Он удаан жил яригдсан, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн нэг бол аанай л Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Уг төслийг 2021 онд БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компани гүйцэтгэгчээр шалгарсан цагаас барьж эхэлсэн. Гэрээний хэлэлцээрт 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулна, зарим зардлыг улсын төсвөөс гаргана, туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллаж, төслийг 61 сарын хугацаанд европ стандартын дагуу хийж гүйцэтгэнэ гэж тусгасан ч ажил тийм ч урагштай биш байгааг дурдана лээ. Уг усан цахилгаан станцыг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

С.Баяр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 20

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
Irgen(66.181.184.50) 2025 оны 01 сарын 20

Buuruljuut chini udam tsaxilgaan station yum uu

0  |  0
Top