Монгол Улсын төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон, нийгмийн шаардлагад нийцсэн баримт бичиг болсныг нийгмийн бүх давхаргынхан хүлээн зөвшөөрч буй нь тодорхой байна. Одоо хоригийг хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдийг гаргах нь маш чухал асуудал болоод байна. Хоригийг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүдын асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа “...Бид төрийн албан хаагчдын цалинг хөндөхгүйгээр харин бүтцийн өөрчлөлтийн цомхотгол хийх боломжийг эрэлхийлэх болно гэж...” мэдэгдсэн байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр удаа дараа “Төрийн байгууллага хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөхгүй, цомхон чадварлаг төрийн албыг бий болгоно” гэж тунхаглаж байсан боловч сонгуулийн шокноосоо бүрэн гараагүй сайдуудынхаа амбицад хөтлөгдөн данхар төрийн бүтэцтэй хэдэн наядаар хэмжигдэх урсгал зардалтай төсвийг Их хуралд өргөн барьж улмаар хоригт орсон нь Засгийн газрын хувь заяатай тэнцэх асуудал болон хувираад байна.
Монгол Улсад Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын хийж гүйцэтгэж байгаа ажлуудыг төрийн бус болон хувийн хэвшлийн мэргэшсэн байгууллагуудад шилжүүлэн гүйцэтгэх үйл ажиллагаа жилээс жилд алхам алхмаар хэрэгжиж байна. Тухайлбал, өмнө нь барилгын салбарын төрийн захиргааны байгууллагаас гүйцэтгэдэг байсан тусгай зөвшөөрлүүд, мэргэшсэн зөвлөх инженерийн сургалтын асуудлыг Төрийн бус байгууллагад нь шилжүүлэн өгснөөр хүнд суртал багасаж авлига буурсан байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас аудитын ажлыг мэргэшсэн компаниудад шилжүүлсэн нь мөн л хүнд суртал авлигыг бууруулахуйц олон улсын жишигт нийцсэн сайн үйл ажиллагаа гэж гадаадын мэргэжилтэн үнэлж байх жишээтэй.
Гэтэл сүүлийн дөрвөн жил үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ гэж байнга сурталдаг Стандарт, хэмжилзүйн газрын бүтэц үйл ажиллагаа олон улсын болон төр, засгаас тунхагласан бодлогын яг эсрэг байгааг тус байгууллагын цахим сайтад байршуулсан мэдээ, мэдээллээс орж харахад тодорхой байна. Тухайлбал, Стандарт, хэмжилзүйн газар нь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын нэрийн дор хүнсний дэлгүүр, кафе, хоолны газрын үйлчилгээ гэх мэт менежментийн тогтолцооны баталгаажуулалт нэрийн дор ISO 9001, 14001, 45001, 22000 гэх мэт стандартуудаар тус тус гэрчилгээ олгож байна. Мөн хэмжих хэрэгслийн баталгаажуулалт нэрийн дор хүнсний зах дэлгүүрийн туухай, жин, усны тоолуур гэх мэт хэмжих хэрэгслэлүүдийг баталгаажуулж гэрчилгээжүүлдэг аж.
Хамгийн сонирхолтой нь дээрх ажлуудыг стандартын түвшинд гүйцэтгэх чадавхтай 20 орчим хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Гэтэл тэдгээртэй зэрэгцэн Засгийн тохируулагч агентлаг ажил булаацалдан хүнд суртлыг бий болгож төрийн урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зарчим, зорилгод нийцэхгүй байгаа нь тодорхой байна. Иймд Стандарт, хэмжилзүйн газраас гүйцэтгэж буй дээрх үйлчилгээнүүдийг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлж орон тоог цомхотгож 2025 оны төсвийн урсгал зардлын хэмнэлтийг бий болгох нь шударга ёсонд нийцэх төдийгүй Шадар сайд С.Амарсайханы манлайллыг шалгах нэгэн сорилт болж байна.
С.Баяр
Сэтгэгдэл ( 2 )
АЖЛЫН ЗААГ ЯЛГААГҮЙ, 2-УУЛАА 7 ХОНОГ ТУТАМД БАЙГУУЛЛАГУУДААСАА ЗЭРЭГ ЗЭРЭГ ТАЙЛАН НЭХДЭГ ТИЙМ ЯАМ, АГЕНТЛАГ УУДЫН АЛЬ 1-Г НЬ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. ... ИЙМ ХООЛНЫ САВНУУД ОЛОН БАЙНА. ЯАМДЫН ОРОН ТООГ 50% ЦӨӨЛ...
Цаг уурын газарт яг төв аппаратад нь 1996-2001 онд ердөө 10 хүрэхгүй хүн ажиллаж байсан бол 2015 оноос хойш Ус цаг уурын хүрээлэнгээс татаж авсан 30-аад хүнтэй Урьдчилан мэдээлэх хэлтэсийг оруулаад 70 гаруй хүн ажиллаж байгаагийн ихэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй шахам амьтад байгаа даа. Энэ мэтчлэн татан буулгах, орон тоог нь цөөлж болох агентлахгууд үй олноороо байгаа нь мэдээж. Яамдууд ч гэсэн ихэнх мэргэжилтэн гээч нь цүнх баригчид Энд би ГХЯ-ыг оруулаагүй шүү.