Жилийн жилд есөн ес наян нэгэн хоногийн хүйтнийг даван туулдаг монголчууд энэ удаа ес “өнжих”-ийг үзэж байна. Багад хацар тас хайрч, чих чимчигнүүлж, гар бээртэл хүйтэрч жаварладаг байлаа. Барьж явсан хичээлийн цүнхээ алдаж унагатал даарах удаа бий ч тэгэх тусмаа багачуудын хацар улаа бутарч, шинэхэн цасаар шидэлцэж, эрүүл чийрэг, хаттай, тэсвэртэй хүн болцгоодогсон. Жавар тас хийж, цас бударч, мөс гялтганаж их найрагч Д.Нацагдоржийн “Дөрвөн улирал” шүлгийн “Өвөл”-д өгүүлдэгчлэн,
“Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө.
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахуйяа
Уудам талд жинчин хүний дуулах яруу.
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхүйд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.
Өндөр газрын хүйтэн тэсгим тэсгим ясгим ясгим
Монголын залуус нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан хуучин үгсийг ярилцана”.
Ийм л өвөл болж монгол хүний хийморийг сэргээдэгсэн.
Гэтэл энэ өвөл ес эхлэхээс өмнө идэр есийн хүйтэн мэт хэд хоног тачигнаснаа ид хүйтрэх учиртай үедээ эрч нь суларсан дээс мэт уяран дээврээс дусаал гоожиж, зам талбайн цас өдөртөө хайлмагтан шөнөдөө царцаж мөсөн гулгуурын талбай шиг болоод пингвин явалтаар алхаад ч хөлбөрч ойчихын зовлон үүсгэлээ. Хөдөө талдаа бол мал идэх өвсийг мөсөн бүрхүүлээр гагнаад “Төмөр зуд” гэгчийг бүрэн утгаар нь харуулав.
Цаг агаарын мэдээгээр бол идэр гурван ес тачигнаж байх үеэр цас мөс уяран хайлан хөлөрч байх бололтой. Сар шинийн үеэр бууз хөлдөхгүй шүү гэх сэрэмжлүүлэг ч дуулдаж эхлэв. Есөө мартсан өвлийг ийнхүү нэг үзэх шиг болов. Хожим сүүлд “Тээр жил идэр есийн дулаанаар ингэж билээ” хэмээн хуучилж суух ч юм бил үү.
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийд дулаарал нүүрлэж байгаа юм байх лгэж бодож сууна даа.