Нар сарны явдал ээлжилж, гэрэл сүүдэр хөөцөлдсөөр нэгэн жил өнгөрөв. Орчлонгийн түмэн амьтан юм юм үзэж, жаргалын дарс, зовлонгийн нулимсыг чамгүй балгалаа. Зарим газар бөмбөр нижгэнэн баярт мөчүүд урсаж байхад нөгөө оронд галт бөмбөг унаж хүний цус нулимс урссаар... Газар нутаг, эрдэс баялаг, эрх мэдлийн төлөөх туладаан өдөр болгон үргэлжлэх аж. Хажуугаар нь онгоц осолдож, түймэр шатаж, уурхай нурж, элдэв байгууламж дэлбэрч олныг хүний амь нас эрсдэх нь аймшигтай.
Гэсэн ч хүмүүс маргаашдаа итгэн сайн сайхныг бүтээсээр, ариун үнэнийг шүтсээр байна. Хиймэл оюун ухаан хийгээд од гаригийн судлал, олон дахин ашиглагдах сансрын хөлөг гээд ой ухаанд багтамгүй гайхамшиг бүтээлээ. Улс түмэн эв нэгдлийг ч эрхэмлэсээр байна.
Талын монголчууд бид нүүдлийн соёл иргэншлээ эрхэмлэн дээдэлж, оюун ухаанаа хөгжүүлэн дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээн байгааг үгүйсгэх аргагүй. Зуд зурхан, хотын утаа, мөнгө төгрөгний хомсдол гээд элдэв саад бэрхшээл байгаа ч зориг тэвчээр, золбоо хийморио алдах болоогүй байна. Төр засгийн бодлого чиглэлд алдаа мадаг байгаа ч засаж залруулж болохгүй зүйл алга. Хамгийн гол нь авилга хээл хахуулын үүдийг хааж, шударга ёсыг тогтоох нь ус агаар шиг хэрэгтэй гэж дээр доргүй үзэж байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь бүх урагшлах алхамд саад болж байна. Энэ саадыг давж чадвал түүний цаана ирээдүй Монголын хөгжлийн зураг тодорхой харагдаж байна гэхэд хилсдэх зүйлгүй.
Нөгөө талаар хөрш хоёр орны талаар элдэв хогон мэдээллийг цахим сүлжээгээр цацаж байгаа нь улс орны гадаад бодлогот муу нөлөө үзүүлэх аюултай. Иймд улс оронд төдийгүй монгол хүн бүрт "хар хайрцаг"-ны бодлого байх ёстойг хатуу бодох цаг болсон. Олон жижиг "хар" мэдээ нийлсээр улс орондоо овойсон хар аюул дуудахыг үгүйсгэх аргагүй. Энэ мэтийг бодолцон маргаашдаа итгэлтэйгээр 2025 оны босгыг алхаж, их үйлсийн замд эв нэгдэлтэй, эрмүүн цогтой урагшлахын ерөөл дэвшүүлье.
Н.ДАВААДАШ
Сэтгэгдэл ( 0 )