Эргэх, буцах цагийн эргэлтэд энгэр газрын цасаа зөөллөн бог, бодын хөлөөр цасан хуй хуйлран их жаврыг сөрөх хүчийг газар эхийн халуунаас олдог, идээшиж дассан буянт сүрэгт минь тамир тэнхээ нэмдэг эх газрын эрчим минь буй.
Уулын хэцийн салхи уухирдаж байхад ургахын улаан наран нь илчээ илгээдэг уудам орчлон. Сансрын орон зайг уншиж суумаар, ухаарч мэдмээр. Энд өглөөний цайны дээжээрээ мялааж зогсдог эмгэн буурал ээжүүдийн гэрэлт мянган ерөөл буй. Нутагтаа тааваар амьдрах нь, нутгийн зон олон амар амгалан аж төрөх нь цэцгийн туурцаг задлан үрээ морьд үүрсэхэд бэлгэшээж суудаг буурал өвгөдийн минь далд нэгэн совин билэг бий. Морио хайрласан хүн хол явна даа гэх, Монголоо өмөөрсөн сэтгэл нандин даа гэлцэх ... Өвөлжөөний дулаан ахуйд нугдайн өвөлжсөн сүрэг ятуу дэрхийн нисэхэд улам өндөрт нисээрэй гэсэн хүүхэд багын хүсэл буй.
Өргөн цайдмаар цасан шуурга цанхаалж, өндөр уулын мөсөн оргил сүндэрлэхэд эх орон минь ийм сайхан даа гэж эгшиглэсэн яруу найрагчдын амь халуун уран сэтгэмж буй. Үнэгэн лоовууз шил дээрээ тавьчихсан, сорлог нударгаа хойш нь эргүүлчихсэн идэр есийн жавраар цээж баяслаар дүүрэн адуучин эрс, адуун сүрэг нь цагаан цан молцоглуулан, цахилж одох нь жавхаа байдаг аа. Өвлөөс бид өчнөөн сайхныг олж хардаг. Өнөөдрөөс, өндрөөс, өргөнөөс энх амгалан хавартай золгохын учрааг мөн ухаардаг аа.
Сэтгэгдэл ( 0 )