АНУ-ын банкны хямрал: Иргэд 500 тэрбум ам.долларын хадгаламжаа татав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

2023 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн АНУ-ын банкны харилцагчид нийт 499 тэрбум ам.долларын хадгаламжаа татжээ. Ийм үзэгдэл 1973 оноос хойш анх удаа ажиглагдаж байна. 

Дөрвөн долоо хоногийн дотор АНУ-ын томоохон банкнууд нийт 157 тэрбум ам.доллар, жижиг санхүүгийн байгууллагууд 249 тэрбум ам.доллар, гаднын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагууд 93 тэрбум ам.доллар тус тус алдаад байна. Үүний дүнд АНУ-ын банкин дахь хадгаламжийн нийт хэмжээ 17.19 их наяд ам.доллар болж, буураад байна. 

Тус улсад 250 мянга хүртэлх хэмжээтэй хадгаламж даатгагдсан байдаг тул үүнээс их хэмжээний хадгаламжтай харилцагчид мөнгөө татаж байна. Учир нь ард иргэд банкнууд хуримтлалыг нь буцаан олгож чадахгүй хэмээн болгоомжилж байна. Гуравдугаар сарын эхний арван хоногт хэдхэн хоногийн зайтай нийт 331 тэрбум ам.долларын активтай Silicon Valley Bank (SVB), Signature Bank болон Silvergate Bank дампуурсан нь ард иргэдийг мөн хадгаламжаа татахад хүргээд байна. Эхний хоёр банк нь АНУ-ын топ 30 санхүүгийн байгууллагын тоонд ордог байв. Эдгээр банкны дампуурал хадгаламж эзэмшигчид төдийгүй үнэт цаасны зах зээлд оролцогчдыг сандаргав. Үүний дүнд олон тооны банкны хувьцааны үнэ огцом буурахад хүргэсэн билээ. 

Үүнтэй зэрэгцэн олон улсын “Moody's” агентлаг АНУ-ын банкны системийн төлөв байдлыг тогтвортойгоос сөрөг гэсэн үнэлгээ өгсөн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. АНУ-ын банкны хувьцааны үнэ унасантай зэрэгцэн Европт үнэт цаасны биржийн индекс унав. Үүний улмаас 1856 онд үүсгэн байгуулагдсан Швейцарын “Credit Suisse” банк дампуурлын ирмэгт тулж, улмаар тус улсын хамгийн том санхүүгийн холдинг болох “UBS”-д “зальгуулсан” билээ. 

Шил дарсан асуудал 

Ковидын цар тахлын улмаас АНУ-д инфляц тогтвортой өсөж эхэлсэн. Цар тахлын хязгаарлалтууд нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдахад хүргэснээр хэрэглээний үнэ өссөн. Эдийн засгийн уналтаас сэргийлэх үүднээс Холбооны нөөцийн сан их хэмжээний мөнгө хэвлэсэн юм. 2022 онд Украинд дайн гарснаар нөхцөл байдал 2022 онд улам даамжрав. АНУ Москвад шахалт үзүүлэх үүднээс Оросын эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн татгалзах шийдвэр гаргасан. Улмаар АНУ-ын хэрэглэгчид бензин болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлттэй нүүр тулсан. 

2021 оны сүүлээр тус улс дахь инфляцын түвшин долоон хувь байсан бол 2022 оны дунд үе гэхэд есөн хувийг давжээ. Үнийн өсөлтийг хазаарлахын тулд АНУ газрын тосны стратегийн нөөцөө ашиглахад хүрч, Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Холбооны нөөцийн сан удаан хугацаанд бараг тэг түвшинд барьж байсан бодлогын хүүгээ нийт есөн удаа өсгөж, жилийн 4.75-5 хувьд хүргээд байна. 

ХНС-ийн эдгээр алхам АНУ-ын засгийн газрын үнэт цаасны зах зээлд нөлөөлжээ. Шинжээчдийн үнэлгээгээр, сүүлийн жилүүдэд тус улсын банкнууд засгийн газрын өрийн бичигт их хэмжээний хөрөнгө оруулсан. Тэр дундаа хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төвлөрүүлжээ. 2023 оны эхээр засгийн газрын үнэт цаасны хүү хадгаламжийн хүүгээс өндөр байсан тул ард иргэд хадгаламжаа засгийн газрын үнэт цаас авах зорилгоор татах болсон байна. Эцсийн дүнд их хэмжээний алдагдалд хүлээгээд байсан банкнууд харилцагчдын хадгаламжийг буцаан олгоход хүндрэлтэй тулсан байна. 

АНУ-ын хамгийн томд тооцогддог “JPMorgan Chase” банкны тэргүүн Жеймс Даймоны үзэж буйгаар, өнөөгийн хямрал дуусаагүй байна. Хямрал ард үлдсэн ч гэсэн үр дагавар нь олон жил үргэлжилнэ. Мэдээж хэрэг, аадрын үүл сарних ч бид шинэ тодорхойгүй байдалд бэлэн байх ёстой. “Silicon Valley Bank”, “Credit Suisse” банкны бүтэлгүйтэл зах зээлийн хүлээлтийг өөрчилж, уналтын магадлал өсөөд байна хэмээн Даймон онцолжээ. 

Ам.долларын ханшны “ялагдал”

ХНС бодлогыг хүүг нэмэгдүүлснээр тус улсын банкны салбарын нөхцөл байдлыг хурцатгасан ч тус сангаас авсан арга хэмжээтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээр  газрын тосны үнэ буурсан нь Нэгдсэн Улсад инфляцыг зургаан хувь болгон бууруулсан. 

Үүнтэй зэрэгцэн ам.долларын ханш дэлхийн зах зээл дээр аажмаар унаж эхэлсэн ба сүүлийн нэг сард гурван хувиар суларчээ. Ам.долларын ханш суларсан нь АНУ-ын экспортлогч компаниудад таатай нөхцөл бүрдүүлэв. Учир нь тус компаниудын валютын эргэлтийг нэмэгдүүлсэн байна.

Эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд мөнгө хэвлэсэн хэвээр байвал ам.долларын ханш дэлхийн зах зээл дээр дахин 15-25 хувиар сулрахад хүргэж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна. 

Олон улсын валютын сангийн мэдээллээр, 2022 онд дэлхийн валютын нөөц дэх  ам.долларын хувь хэмжээ 58.36 хувь болж буурчээ. Ойрын ирээдүйд энэ хэмжээ буурахыг шинжээчид үгүйсгэхгүй байна. Үүссэн нөхцөл байдал өрнөдийн төв банкнуудад мөнгө, зээлийн бодлогын зорилт, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийн тэнцвэрийг хадгалахад хүндрэл үүсгэж байна. Бүхэлдээ энэ нөхцөл байдал дэлхийн эдийн засаг ухрах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж шинжээчид дүгнэж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ном(112.72.15.198) 2023 оны 04 сарын 11

хайрыг хүснэ онц сонирхолтой ном инт?рном мөн альфа номд худалдаалагдаж бн доллор монголд үнэтэй бгаа амерекчуудаа нааш ир

0  |  0
zovoo zov(192.82.93.3) 2023 оны 04 сарын 11

amerik dollariin noerholiig buuruulah heregtei ch de. zvgeer nogoon tsaas hemjee hyazgaargui hevlej busadiin baylagiig zvgeer abch bolohgui ch dee. mongol uls altaa hadgalj dollariin hadgalmjaa buuruulij evro yani meteer solij baisan deer dee..

1  |  0
Ааааа(202.21.108.9) 2023 оны 04 сарын 11

Монгол улсын валютын нөөцөө алтаар солихгүй бол тэр бүх баялага үнс боллоо. Иргэд ч долларын хадгаламжиндаа анхаарал хандуулах хэрэгтэй

1  |  0
Top