Трамп Мадурогоос эх орноо орхин гарахыг шаарджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 02

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод арваннэгдүгээр сарын 28-ны дотор эх орноо орхин гарах шаардлага тавьж, эл хугацаа дууссаны дараа Венесуэлийн агаарын орон зайг хаасан тухай мэдэгдсэн гэж Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Трамп, Мадуро на өнгөрсөн сарын 21-нд утсаар ярьсан. Цагаан ордны тэргүүн Мадурогийн зүгээс тавьсан ихэнх хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд Мадурод эх орноо орхин гарахад долоо хоногийн хугацаа өгчээ. Венесуэлээс аюулгүй гарах хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусан тул Трамп маргааш өдөр нь буюу бямба гарагт тус улсын агаарын орон зайг хаасан тухай мэдэгдсэн байна. Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, утсаар ярихдаа Трамп Мадурод болон гэр бүлд нь бүрэн өршөөл үзүүлэх, Венесуэл болон 100 гаруй албан тушаалтнуудынх нь эсрэг тавьсан хоригийг цуцлах болзол тавьжээ.

Венесуэлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Делси Родригесийг шинэ сонгууль хүртэл түр засгийн газрыг тэргүүлэх саналыг тавьсан байна. Трамп Мадурогийн тавьсан ихэнх саналыг хүлээн аваагүй гэж Ройтерс онцолжээ.

АНУ-ын ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 29-нд бүх агаарын тээврийн компаниудад хандан Венесуэлийн агаарын орон зайг хаасанд тооцохыг уриалсан. Тухайн өдөр Венесуэлийн эрх баригчид энэхүү мэдэгдлийг няцааж, АНУ-аас тус улсын агаарын орон зайг хүндэтгэн үзэхийг шаардаж, НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хандан Вашингтоны мэдэгдлийг буруушаахыг уриалж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top