Гурван улсын үлгэр | 71 ДҮГЭЭР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 71 ДҮГЭЭР БҮЛЭГ

ЭСРЭГ УУЛЫГ АВААД ХУАНЖУН АМРААР ЗҮДСЭНИЙГ ХҮЛЭЭСЭН ХАНЬШҮЙ УСЫГ ЭЗЛЭЭД ЖАО ЮНЬ ЦӨӨНӨӨР ОЛНЫГ ДИЙЛСЭН

 

Өгүүлэх нь: Кунмин Хуанжунгийн зүг өгүүлрүүн: “Чи ямагт одсугай хэмээвээс би Фажөнийг илгээж чамд туслуулсугай! Аливаа үйлийг зөвлөж явуул! Би бас хойноос цэрэг гаргаж туслуулъя!” хэмээсэнд Хуанжун хүлээж аваад Фажөн лүгээ харьяат цэргээ авч одов. Кунмин, Сюаньдөд өгүүлрүүн: “Энэ хөгшин жанжныг өрнүүлэн хэлэхгүй болбол хэдий одовч гавьяа бүтээж чадахгүй. Тэр өдгөө нэгэнт одсон тул цэрэг илгээн туслуулах хэрэгтэй!” хэмээгээд даруй Жао Юнийг дуудаж нэгэн салааны цэрэг авч бага замаар нууц цэрэг гарган Хуанжунг угт! Хуанжун дийлбээс гарах хэрэггүй. Хэрвээ дарагдваас даруй гарч туслагтун!” хэмээгээд бас Люфэн, Мөндаг “Гурван мянган цэрэг авч одоод уулын доторх бэрх чухал газарт туг хиурыг олонтоо босгож, манай цэргийн байдал хүчийг идэршүүлж, дайсны хүнийг сэжиглүүлэн айлгагтун!” хэмээн гурвуулыг явуулсан хойно бас хүн зарж Сябаньд бүхий Мачаод арга сургаж түүнийг энэ ёсоор яв хэмээн хэлж илгээгээд бас Янь Янийг илгээж Баси, Ланжуныг сахиулан Жанфэй, Вэй Янийг халан авчирч “Хамт Ханьжун газрыг авахаар очигтун!” хэмээжээ.

Тэндээс Жанхө, Ся Хоушан лугаа хамт Сяхоу Юаньгийн дэргэд ирж өгүүлрүүн “Тяньдан Шаньуулыг алдаад, Ся Хоудө, Ханьхао нар үхэв. Өдгөө сонсвоос Любэй өөрийн биеэр их цэрэгавч Ханьжуныг авахаар ирэв хэмээх тул Вэй ванд мэдүүлж эртнээс шилсэн цэрэг, баатар жанжин илгээн туслуулбаас зохимуй” хэмээсэнд Сяхоу Юань хүн зарж Цаохунд мэдүүлбээс Цаохун шөнө дөлөөр Сюйчанд одож Цаоцаод айлтгасны хойно, Цаоцао ихэд цочиж, яаран бичиг цэргийн түшмэдийг цуглуулж, цэрэг гаргаж Ханьжунд туслахыг зөвлөхөд Занши түшмэл Лю Е дэвшиж өгүүлрүүн: “Ханьжуныг хэрвээ алдваас дундадын газар догдолзох тул, ихван зовж зүдэхийг бодож болохгүй. Эрхгүй биеэр байлдахаар очих хэрэгтэй”. Цаоцао гэмшиж өгүүлрүүн: “Хорсох нь тэр тухай чиний үгийг авсангүй нь үүнд хүргүүлжээ” хэмээгээд даруй цааз зарлаж дөчин түмэн цэрэг байгуулан “Биеэр байлдахаар одмуй!” хэмээв.Тэр цаг амгалан байгуулагчийн хорин гуравдугаар оны намрын тэргүүн сар бөлгөө. Цаоцао цэргийг гурван замаар хувааж ороход Ся Хоудүнийг өмнө цэргийн гавшгай болгож, Цаоцао өөрөө дунд цэргийг дагуулан Цаосюг хойно хайгуул болгоод их цэрэг дараа дараагаар мордов. Цаоцао хас бүс, хэмэрлэг дээл, алтан эмээлт цагаан морь унаад, цэргийн хүн улаан торгонд алт шингээсэн шүхэр барьж, зүүн баруун этгээдэд алтан хэмх, мөнгөн сүх, төмөг шийдэм, жад бялуу, нар саран болон луу гарьдын туг хиур өргөөд, биеийг хамгаалах луу барсын хоёр түм таван мянган цэргийг аван, таван анги хувааж, анги бүрт таван мянган хүн хөх, шар, улаан, цагаан, хар таван өнгийн далбаагаар ялган, хуяг, морь нь тугийн өнгийг дагалдан гэрэл цацран гялбалзаж маш баатар сүртэй.

Тэндээс цэрэг Тунгуань боомтоор гарч одоход Цаоцао морины дээрээс үзвэл нэгэн мод шугуй, маш сахлаг болохыг үзээд гучхаа нараас асууруун: “Энэ ямар газар болой?” хэмээвээс өчиж өгүүлрүүн: “Энэ газрыг Ланьтянь хэмээмүй. Шугуйн дотор Цай Юньгийн тосгон буй бөлгөө. Өдгөө Цай Юньгийн охин Цай Янь өөрийн нөхөр Дунсы лүгээ энд сууж амуй” хэмээв. Урьд нь Цаоцао, Цай Юнь лүгээ маш сайхан ажгуу. Урьд түүний охин Цай Янь, Вэй Жундаогийн эм болой. Хожим умар газарт уулгалагдан аваачигдсан хойно хоёр хөвгүүн төрөөд модон цуур үйлдэж,“Арван найман зүйлийн дуу эгшиг” бичсэн дундад улсад уламжлан ирсэн тул Цаоцао маш энэрэн, хүн зарж мянган лан алт бариулан, умар газар золихоор илгээсэнд Зуо Сяньван, Цаоцаогийн хүчнээс айж, Цай Янийг Хань улсад эгүүлэн хүргэжирсэн хойно, Цаоцао, Цай Янийг Дунсыд эм болгон өгсөн. Тэр өдөр тосгоны өмнө хүрч Цай Юньгийн хэргийг санаад цэргийг урьд явуулан Цаоцао зуу илүү морьтонг авч тосгоны хаалганы дэргэд хүрч мориноос буув. Тэр тухайд Дунсы гадна,түшмэл суухаар оджээ. Цай Янь ганцаар гэрт байсан тул Цаоцао хүрч ирэв хэмээн сонсож яаран гарч угтан гэрт оруулаад, амар мэндийг асуусан хойно хажууд зогсов. Цаоцао гэнэт туурганд нэгэн хөшөө чулууны утгат зураг өлгөснийг үзээд босож зогсон ойр хүрч Цай Яньгаас асуусанд Цай Янь өчрүүн: “Энэ Цао Өгийн хөшөө чулуу болой. Эртний Хөди хааны үед Шан Юй суманд нэгэн бөө байсан аж. Нэрийг Цаосюй хэмээж, онгодын өмнө дэвхцэн наадахад сайн. Таван сарын шинийн тавны өдөр согтож, онгоцон дээр бүжиглэсээр мөрөнд унаж үхжээ. Түүний охин арван дөрвөн настай, мөрнийг ирмэглэн долоон бүхэл өдөр уйлаад мөрөнд харайж орсон хойно тавдугаар өдөр дээр эцгийн ясыг үүрч, мөрөнд дэгдэн гарч ирснийг тэр газрын хүн мөрний хөвөөнд оршуулав. Хожим Шан Юйсян сумын захирагч Дүшан хэмээгч хаанд айлтгаж ачлал тохин хэмээн өргөмжилсөнд Дүшан Хань Даньчуньгаар утга зохиолгон хөшөө чулуунд сийлж тэмдэглэсэн бөлгөө. Тэр үест Хань Даньчунь арван гурван настай бөгөөд утгалахад дусал нэмэхгүй, нэгэнтээ таталбаас даруй бүтмүй. Хүүрийн хажууд чулуу босгосонд тэр цагийн хүн ихэд гайхжээ. Миний эцэг Цай Юн сонсоод үзэхээр одвоос наран нэгэнт унасан тул харанхуй шөнөд тэмтрэн уншаад бийр авч чулууны ард найман үсэг бичжээ. Хойно хүн тэр чулууг сийлэхэд энэ найман үсгийг хамт сийлжээ”. Цаоцао тэр найман үсгийг уншваас “Хуан Зуань Ю Фү Вай сүнь Зи Зю”31 хэмээмүй. Цаоцао Цай Яньгаас асууруун: “Чи энэ санааг тайлан чадмуй уу?”. Цай Янь өгүүлрүүн: “Хэдий миний эцэг үлдээсэн боловч би санааг мэдэхгүй” хэмээв. Цаоцао хойш эгж олон зөвлөлийн сайдын зүг өгүүлрүүн: “Та нар тайлан олмуй уу?”.

31 绢幼妇外孙虀臼: Шар, ширхэг, балчир, охин, зээ, хөвгүүн, гашуун, агуулах, сав гэсэн утгатай найман үг болой.

Олон цөм өчиж чадахгүй атал дотроос нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Би энэ санааг тайлан олов” хэмээсэнд Цаоцао үзвээс Жубу түшмэл Янсю болой. Цаоцао өгүүлрүүн: “Чи түр битгий хэлэгтүн! Би санаж үзсүгэй!” хэмээгээд даруй Цай Яньгаас салж олныг дагуулан тосгоноос гарч морь унаж гурван газар явсаны хойно гэнэт санаж олоод инээн Янсюгээс асууруун: “Чи хэлж үз!”. Янсю өгүүлрүүн: “Энэ нь далдласан үг болой. “Хуан Зуань” хэмээгч өнгөт ширхэг болой. “Өнгө”()-ийн хажууд “ширхэг”() хэмээх үсгийг тавибаас “Зюэ”32() хэмээх үсэг болмуй. “Ю Фү”() хэмээч бага охин болой. “Охин”()-ы хажууд “Бага”() хэмээх үсгийг тавьбал “мяо”33 () хэмээх үсэг болмуй. “Вай сүнь” хэмээгч охиноос төрсөн хөвгүүн болой. “Охин”()-ы хажууд “Хүү”() хэмээх үсгийг тавьбал “Хао”34() хэмээх үсэг болмуй. “Зи Зю” хэмээгч таван гошууныг35 агуулах сав болой. “агуулах”( ) хэмээх үсгийн хажууд “гошуун”() хэмээх үсгийг тавьбаас “Цы” ()36 хэмээх үсэг болмуй.

Бүгдийг нийлүүлж хэлбээс “Тасархай гайхамшигт сайхан үгс”(绝妙好 ) хэмээх дөрвөн үсэг болой. Цаоцао ихэд цочиж өгүүлрүүн: “Төв хэмээн миний санаа лугаа нийлэв” хэмээсэнд олноор цөм Янсюгийн мэдэл ухааны хурц сэргэлэнг гайхжээ.

32 Туйлын гэсэн утгатай үг

33 Гайхамшигтай гэсэн утгатай үг

34 сайн, сайхан гэсэн утгатай үг

35 Ургамлын хахуун, гашуун амтыг гошуун гэнэ.

36 Уянга, дуулал, магтаал гэсэн утгатай үг

Түүнээс нэгэн өдөр Наньжэньд хүрсэн хойно Цаохун угтаж аваад Жанхөгийн хэргийг бүрнээ хэлсэнд Цаоцао өгүүлрүүн: “Жанхөгийн ял бус. Дийлэх дийлэгдэх нь цэргийн ерийн явдал болой”. Цаохун өгүүлрүүн: “Нүдний өмнө Любэй Хуанжунг зарьж Дин Зюншань уулыг байлдахаар ирсэнд Сяхоу Юань, их вангийн цэрэг хүрч ирснийг сонсоод батлан сахиж гарч байлдаагүй”. Цаоцао өгүүлрүүн: “Гарч байлдахгүй болбоос уйлхай эр болой” хэмээгээд хүн зарж хэмжээт цомцог бариулан Дин Зюншань ууланд “Сяхоу Юанийг цэргээ гарган байлд!” хэмээн илгээсүгэй хэмээхэд Лю Е хориглож өгүүлрүүн: “Сяхоу Юаньгийн чанар хатуу тул зальт аргад унахаас эмээмүй” хэмээсэнд Цаоцао даруй өөрийн гараар нэгэн бичиг хийж өгөв. Зарсан хүн хэмжээт цомцгийг бариад Сяхоу Юаньгийн хүрээнд хүрсэн хойно Сяхоу Юань угтаж оруулсанд элч бичгийг гаргаж өгөв. Сяхоу Юань нээж үзвээс бичгийн үг нь: “Алив жанжин бологчид, хатуу зөөлөнг нийлүүлж явбаас зохимуй. Баатартаа эрэмшиж болохгүй! Хэрвээ баатартаа эрдвээс, гагц эрийн эсэргүүцэл болой. Би өдгөө их цэрэг авч Наньзюньд буудаллаад “чиний гайхамшигт чадал”-ыг үзсүгэй хэмээмүй. Энэ хоёр үсгийг битгий гутаагтун!” хэмээжээ.

Сяхоу Юань үзэж дуусаад ихэд баярлан элчийг зузаан хүндэлж, эгүүлсэн хойно Жанхө лүгээ зөвдөж өгүүлрүүн: “Өдгөө Вэйван их цэрэг авч Наньзюньд бууж, Любэйг барьсугай хэмээмүй. Би чам лугаа энэ газарт удтал сахиад хэрхин гавьяа байгуулж чадмуй? Маргааш би байлдахаар гарч эрх биш Хуанжунг амьдаар барьсугай!”. Жанхө өгүүлрүүн: “Хуанжунгийн бодлого баатар хос бүрдсэний дээр бас Фажөн тусалж буй тул хөнгөлөн байлдаж болохгүй! Эндэх уулын зам бэрхэд ганц батлан сахиваас зохимуй”. Сяхоу Юань өгүүлрүүн: “Хэрвээ бусад хүн гавьяа бүтээвээс бид хоёул ямар нүүрээр Вэйванд учирмуй, чи уулыг батлан сахь! Би гарч байлдсугай!” хэмээн хэлээд цааз зарлаж өгүүлрүүн: “Хэн гарч дайсныг өдөөмүй?”.

Ся Хоушан дэвшиж өгүүлрүүн: “Бага жанжин одохыг хүсмүй”. Сяхоу Юань өгүүлрүүн: “Чи өдөөхөөр очоод Хуанжун лугаа байлдваас гагц дарагдахаас ялж болохгүй! Надад сайн арга буй тул ийм тийм!” хэмээв. Ся Хоушан гурван мянган цэрэг авч Дин Зюньшань уулын их хүрээнээс салж одов. Тэндээс Хуанжун, Фажөн лүгээ хамт цэрэг аван Дин Зюньшань уулын аманд бууж, удаа дараа байлдсугай хэмээвч Сяхоу Юань батлан сахиад гарч ирсэнгүй. Байлдахаар одсугай хэмээвээс бас уулын зам бэрх бөгөөд дайсны байдлыг ухахгүй тулсах иж байсан бөлгөө. Тэр өдөр гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “Цаоцаогийн цэрэг уулнаас бууж байлдахаар ирэв” хэмээсэнд Хуанжун сонсож даруй “Гарч байлдсугай!” хэмээтэл доорхи жанжин Чөнши гарч өгүүлрүүн: “Жанжин хөдлөх хэрэггүй. Би гарч байлдахыг хүсмүй”. Хуанжун ихэд баярлаж даруй Чөншид нэг мянган цэрэг өгч илгээсэнд уулын аманд хүрээд жагсаал жагсаатал Ся Хоушангийн цэрэг хүрч ирсэн тул даруй байлдаад хэдэн удаа болсонгүй Ся Хоушан зоримог буруулав. Чөнши нэхэж очоод замын хагаст хүрвээс хоёр хажуугийн уулан дээрээс мод өнхрүүлэн буу тавьж чулуу хаяхад орж чадахгүй сая эгсүгэй хэмээтэл арын хойноос Сяхоу Юань цэрэг авч гэнэт гарч ирээд Чөншиг амьдаар барьж хүрээндээ эгсэнд доорхи цэрэг олонтоо дагав. Дарагдсан цэрэг буруулан гарч, Хуанжунгийн дэргэд ирээд Чөншигийн баригдсаныг хэлсэн хойно Хуанжун яаран Фажөн лүгээ зөвлөхөд Фажөн өгүүлрүүн: “Сяхоу Юань омогтой бөгөөд баатарт итгэж бодлогогүй, үүнийг аргалж болох тул цэргийг дэвшүүлэн алхам бүртээ хянамгай байж Сяхоу Юанийг өдөөн байлдваас барьж болмуй. Энэ нь “Зочин гэдрэг гэрийн эзэн болох” арга болой”. Хуанжун тэр аргыг дагаж эл юмыг цөм цэрэгт шагнасанд баярлах дуу завд дүүрч цөм “Үхэн байлдсугай!” хэмээмүй. Тэр өдөр Хуанжун хүрээг эвдлээд давшиж замдаа хүрээ байгуулж, тэндээ хэдэн өдөр өнжөөд цааш давшмуй. Сяхоу Юань сонсоод “Гарч байлдсугай!” хэмээхэд Жанхө өгүүлрүүн:“Энэ болбоос “Зочин урваж гэрийн эзэн болох” арга тул гарч байлдаж болохгүй! Байлдваас эрхгүй алдмуй”. Сяхоу Юань үгийг авалгүй даруй Ся Хоушанд хэдэн мянган цэргийг өгч шууд

Хуанжунгийн хүрээний дэргэд хүрсэнд Хуанжун морь унаж дам илд барин, Ся Хоушаныг угтан байлдаад, гагц нэгэн удаад Ся Хоушаныг амьдаар барьж хүрээндээ эгэв. Олон цэрэг цөм буруулан одож Сяхоу Юаньд хэлсэн хойно Сяхоу Юань яаран Хуанжунгийн хүрээнд хүн зарж “Чөншигээр Ся Хоушаныг зольсугай!” хэмээн хэлэлцвээс Хуанжун “маргааш жагсаалд харилцан арилжсугай!” хэмээн болзов.

Дэд өдөр хоёр этгээдийн цэрэг цөм уулын завын уудам газарт одож жагсаал жагсаагаад Хуанжун, Сяхоу Юань хоёр цөм морь унаж жагсаалын өмнө тугийн дор зогсоод Хуанжун, Ся Хоушаныг дагуулж, Сяхоу Юань Чөншиг дагуулж тус бүр хуягийг өгсөнгүй. Гагц биеийг халхлах нэгэн нимгэн хувцсыг өмсгөн нэгэнтээ хэнгэрэг дэлдмэгц Чөнши, Ся Хоушан өөр өөрийн хүрээний зүг эгэв. Ся Хоушан жагсаалын үүдэнд хүрэхийн урьд Хуанжун хойноос харвасанд Ся Хоушангийн ар нуруу оногдон зэв хадаастай хүрээнд оров. Сяхоу Юань ихэд хилэгнэж морио давхиулан шууд Хуанжунгийн зүг байлдахаар ирэв. Хуанжун ямагт “Сяхоу Юанийг хилэн төрүүлж байлдсугай!” хэмээн агсан тул хоёул байлдаж хорин удаа илүү болсон хойно Цаоцаогийн хүрээнээс харанга цохиж цэрэг хураав. Сяхоу Юань яаран хүрээндээ буцахад Хуанжун хойноос нэгэн зэрэг нэхэж алав. Сяхоу Юань жагсаал дарах түшмэлээс асууруун: “Ямар учирт харанга цохив?”. “Би үзвээс уулын хотгорт Шу улсын цэрийн туг хиур хэдхэдэн газарт үзэгдэх тул бүгсэн цэрэг буй болов уу хэмээн тийнхүү жанжныг эгүүлэв”. Сяхоу Юань түүний үгийг итгээд даруй бэхлэн сахиж гарахгүй болов. Хуанжун нэхсээр Дин Зюншань уулын дор хүрээд Фажөн лүгээ зөвлөвөөс Фажөн гараар зааж өгүүлрүүн: “Дин Зюньшань уулын баруунд нэгэн өндөр уул буй. Дөрвөн этгээдийн зам цөм бэрх. Энэ уулын дээрээс дорогш үзвэл Дин Зюньшань уулын үнэн ташааг мэдэж болмуй. Жанжин хэрвээ энэуулыг олж чадваас Дин Зюньшань уул алганы дотор буй”. Хуанжун дээш харваас уул баахан төвшин бөгөөд орой дээр нь цөөн тооны хүн морь үзэгдмүй. Тэр шөнийн дэд жинд Хуанжун цэрэг аваад харанга хэнгэрэг цохиж шууд уулын дээр алахаар гарав. Энэ ууланд Сяхоу Юаньгийн харьяат жанжин Дуси хэдэн зуун хүнтэй сахиж буй. Тэр тухайд

Хуанжунгийн цэрэг цугаар мацалхийлэн ирсэнд аргагүй уулыг гээж явав. Хуанжун уулыг олоод үзвээс төвхийтэл Дин Зюньшань ууланд эсэргүүлжээ. Фажөн өгүүлрүүн: “Жанжин уулын дундыг сахь! Би оройг сахьсугай! Сяхоу Юаньгийн цэрэг хүрч ирвээс би цагаан тугийг өргөж тэмдлэсүгэй. Жанжин цэргийг битгий хөдөлгөгтүн! Түүний цэрэг осол болж бэлтгэлгүй болохыг хүлээ. Би улаан тугийг өргөвөөс жанжин уулнаас бууж байлдагтун! Амарсан цэргээр түүний зүдсэн цэргийг байлдваас эрхгүй дийлмүй” хэмээсэнд Хуанжун ихэд баярлаж түүний аргыг хэрэглэв.

Тэндээс Дуси цэргийг дагуулан оргон гараад Сяхоу Юаньтай уулзан Хуанжун уулыг булаасныг хэлбээс Сяхоу Юань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Хуанжун эсрэг уулыг эзэлсэн тул би гарч байлдахгүй болж болмуй уу?”. Жанхө хориглож өгүүлрүүн: “Энэ нь Фажөнгийн арга болой. Жанжин гарч байлдаж болохгүй. Гагц сахиваас зохимуй”. Сяхоу Юань өгүүлрүүн: “Эсрэг уулыг эзлээд бидний үнэн ташааг үзэхэд юунд гарч байлдахгүй аж?”. Жанхө гашуудан хоригловоос үгийг авахгүй цэргийг хуваан эсрэг уулыг хааж, ихэд хараан өдөөн байлдваас Фажөн уулан дээрээс цагаан тугийг өргөж Сяхоу Юаньгийн тааваар хараалган огт гарч байлдсангүй. Морь цагийн хойно Цаоцаогийн цэрэг алжааж сүр буураад олонтоо мориноос бууж, суусныг Фажөн үзээд даруй улаан тугийг далласанд хэнгэрэг харанга цугаар дуугаран хашхирах дуу ихэд түрчигнэж, Хуанжун морь унаж биеэр түрүүлэн уулнаас бууж довтолгон ирэх нь уул нурж, газар хөдлөх адил. Сяхоу Юанийг гар хөдөлж завдаагүйд Хуанжун тугийн дор хүрч ирээд нэгэнтээ зандарсан дуу аянгын дуу мэт. Сяхоу Юань угтаж завдсангүй Хуанжунгийн илд бууж ирээд толгойг мөртэй нь хамт цавчиж хоёр анги болгов. Хожмын хүмүүний Хуанжунг магтсан шүлгийн үг:

“Толгой буурал атлаа их дайнд мордож

Тун цагаан үстэй байгаад хувилгаан сүрийг мандуулан

Зурагт нумыг хүчлэн тэлж харваад

Дам илдийг салхины эсрэг эргүүлмүй

Баатар дуу нь барс урхирах мэт

Ажнай морь нь луу нисэх адил

Дайсны чихийг авчирч өргөсөн гавьяа хүнд

Хязгаарыг нээж улсыг өргөтгөн чаджээ”

Хуанжун Сяхоу Юанийг алсан тул Сяхоу Юаньгийн цэрэг ихэд дарагдаж тус тус оргон явав. Хуанжун дийлсэн хүчинд Дин Зюньшань уулыг булаахаар явахад Жанхө цэрэг авч угтан байлдахаар ирэв. Хуанжун, Чөнши хоёр этгээдээс хавчиж нэгэнзэрэг байлдсанд Жанхө ихэд дарагдаж буруулан явж атал,уулын хажуугаас нэгэн анги цэрэг морь гарч одох замыг тосжээ. Тэргүүлсэн нэгэн их жанжин өндөр дуугаар бархиран “Чаншаньгийн Жао Зылун энд буй!” хэмээв. Жанхө ихэд гэлмэж дарагдсан цэргийг авч зам булаан Дин Зюньшань ууланд буруулан одоход өмнөөс нэгэн салааны цэрэг угтан ирэв. Үзвээс Дуси болой. Дуси өгүүлрүүн: “Өдгөө Дин Зюньшань уулыг нэгэнтээ Люфэн, Мөндад булаагдав” хэмээсэнд Жанхө сонсож ихэд цочиж, даруй Дуси лугаа дарагдсан цэргийг авч Ханьшүй усанд хүрээд хүрээ байгуулаад нэгэнтээгүүр хүнээр нисэх мэт Цаоцаод хэлэхээр илгээв. Цаоцао, Сяхоу Юаньгийн үхсэнийг сонсоод дуу тавин ихэд уйлаад сая Гуаньлүгийн өгүүлсэн “Гурав найм хөндлөн гулд” хэмээсэн нь амгалан байгуулагчийн хорин дөрөвдүгээр он болой. “Шаргачин гахай барсад учирмуй” хэмээсэн нь шаргачин гахай жилийн цагаан сар болой. “Динзюньгийн өмнө” хэмээсэн нь Дин Зюньшань уулын өмнө болой. “Нэгэн мөр хугармуй” хэмээсэн нь Сяхоу Юань, Цаоцао лугаа ах дүүгийн учир байхыг ухуулсан бөлгөө” хэмээн ухаад хүн зарж Гуаньлүг эрэхээр илгээвээс хаана очсоныг мэдэхгүй болжээ. Цаоцао Хуанжунг ихэд занаж даруй биеэр их цэрэг аван “Дин Зюньшань ууланд Сяхоу Юаньгийн хариуг авахаар ирмүй” хэмээн Сюйхуаныг гавшгай болгож, Ханьшүй усанд хүрч ирсэнд Жанхө, Дуси угтаж аваад хоёр жанжин өгүүлрүүн: “Өдгөө Дин Зюньшань уулыг нэгэнтээ алдсан тул Мицан Шань уулын амуу өвсийг хойд ууланд нүүлгэн тавьсан хойно сая цэрэг орвоос зохимуй” хэмээсэнд

Цаоцао үгийг дагав.

Тэндээс Хуанжун, Сяхоу Юанийг алаад тэргүүнийг Зя мөнгуань боомтод авч ирээд Сюаньдөд золгон гавьяаг өргөсөнд Сюаньдө ихэд баярлаад Хуанжунд нэмж “Барууныг дайлах их жанжин” хэргэм олгон хурим бэлтгэж баярын ёсоор хуримлаж байтал гэнэт доорхи жанжин Жанжу ирж өгүүлрүүн: “Цаоцао өөрийн биеэр хорин түмэн цэрэг авч Сяхоу Юаньгийн өсийг авахаар иржээ. Өдгөө Жанхө, Мицан Шань уулын амуу өвсийг Ханьшүй голын хойд уулын доор зөөж амуй”. Кунмин өгүүлрүүн: “Цаоцао их цэргийг авч энд ирээд амуу өвс хүрэхгүйгээс эмээн тийнхүү цэрэг зогсож давшихгүй болой. Хэрвээ нэгэн хүнийг олж тэр газарт гүн ороод түүний амуу өвсөнд гал тавьж хэрэгслийн юмыг булааваас Цаоцаогийн хурц сүр буурмуй” хэмээхэд, Хуанжун өгүүлрүүн: “Хөгшин би энэ тушаалыг хүлээхийг хүсмүй”. Кунмин өгүүлрүүн: “Цаоцаог Сяхоу Юань лугаа адилтган байлдаж болохгүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Сяхоу Юань хэдийгээр бүгд цэргийн ерөнхийлөгч боловч нэгэн хань баатар тул Жанхөд хэрхин хүрмүй. Хэрвээ Жанхө голж албаас Сяхоу Юанийг алснаас арван хувь дээр болой”. Хуанжун шаламгайлан өгүүлрүүн: “Би алахаар одохыг хүсмүй!”. Кунмин өгүүлрүүн: “Чи Жао Зылун лугаа хамт нэгэн салааны цэргийг авч оч! Алив үйлийг зөвлөж яв! Хэн нь гавьяа байгуулахыг үзсүгэй!”. Хуанжун ойшоож даруй мордоход Кунмин даруй Жанжуг мөрний жанжин болгон илгээжээ. Жао Юнь, Хуанжунгийн зүг өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао хорин түмний олныг авч арав илүү хүрээ байгуулжээ. Жанжин чи эзэн гүнгийн өмнө амууг булаахаар одмуй хэмээсэн нь бага үйл бус. Жанжин та ямар аргыг хэрэглэмүй”. Хуанжун өгүүлрүүн: “Би урьд одвоос ямар буй?”. Жао Юнь өгүүлрүүн: “Би урьд одсугай!”. Хуанжун өгүүлрүүн: “Би өрлөг жанжин бөгөөд чи туслах жанжин тулхэрхин түрүүлж одохыг тэмцмүй”. Жао Юнь өгүүлрүүн: “Би чам лугаа цөм эзэн гүнгийн төлөө хүч гаргах тул юунд тэмцэлдмүй? Бид хоёул шавга татаад оносон хүн урьд одсугай!” хэмээсэнд Хуанжун үгийг дагаж шавга татахад, Хуанжун оногдож урьд одоход Жао Юнь өгүүлрүүн: “Жанжин нэгэнтээ түрүүлж одохоор болбоос би туслах хэрэгтэй тул цаг мөчийг болзон тавьсугай! Хэрвээ жанжин чи болзсон цагт даруй эгж ирвээс би цэргийг хөдөлгөхгүй. Жанжин хэрвээ болзсон цагт ирэхгүй болохул би даруй туслахаар одсугай!”. Хуанжун өгүүлрүүн: “Гүн чиний үг мөн болой” хэмээж хоёул морин цагаар болзож тогтов. Жао Юнь хүрээнд эгээд доорхи жанжин Жан Игийн зүг өгүүлрүүн: “Хуан Ханьшөн маргааш амуу өвсийг булаахаар одмуй хэмээн болзож тогтов. Хэрвээ морин цагт эгэхгүй болбоос би өмгөөлөхөөр одмуй. Бидний хүрээ Ханьшүй ус лугаа ойр тул газрын байдал маш бэрх, би хэрвээ одсон хойно чи хүрээг хичээн сахь! Хөнгөлөн хөдөлж эс болмуй” хэмээсэнд Жан И “Мөн!” хэмээв. Тэндээс Хуанжун хүрээнээс эгээд мөрний жанжин Жанжугийн зүг өгүүлрүүн: “Би Сяхоу Юанийг алсан тул Жанхөгийн цөс хэмхэрчээ. Би маргааш зарлигийг хүлээж амуу өвс булаахаар одохын учир гагц таван зуун цэргийг үлдээж хүрээг сахиулъя. Чи надад тусла! Энэ шөнө гуравдугаар жинд цөм цадтал идээд дөрөвдүгээр жинд хүрээнээс гарч хойд уулын дор алахаар ороод урьд Жанхөг барьж хойно амуу өвсийг булаасугай!” хэмээсэн хойно Жанжу захиаг дагав. Тэр шөнө Хуанжун цэрэг авч өмнө болж Жанжу хойно болоод сэмээр Ханьшүй усыг гэтэлж шууд хойд уулын дор хүрэхэд нар сая мандав. Үзвээс амуу өвсуул мэт овоолж бага сага цэрэг сахиж амуй. Шу улсын цэрэг хүрчирсэнийг үзээд цөм гээж буруулав. Хуанжун цэргийг мориноос буулган түлээ өвсийг амуу өвсний дээр овоолон тавиад сая “Гал ноцоосугай!” хэмээтэл Жанхөгийн цэрэг хүрч ирээд хутган байлдахыг Цаоцао сонсож Сюйхуаныг даруй тусла хэмээн илгээв. Сюйхуан цэрэг авч байлдахаар ирээд Хуанжунгийн цэргийг дунд талдаа дүгрэглэн хаав. Жанжу гурван зуун цэрэг лүгээ мултран гарч сая “Хүрээнд эгсүгэй!” гэтэл гэнэт нэгэн салааны цэрэг гарч ирээд одох замыг тосов. Их жанжин Вэньпинь болой. Хойноос Цаоцаогийн цэрэг бас ирж Жанжуг хаажээ.

Тэндээс Жао Юнь хүрээнд байсаар морин цаг болсонд Хуанжун эгж ирэхгүй тул яаран хуяг дуулга өмсөөд морь унаж гурван мянган цэрэг авч урагш туслахаар очихдоо Жан Игийн зүг өгүүлрүүн: “Чи хүрээг бэхлэн сахиж хоёр жигүүрт холхивч нумыг олонтоо жагсааж бэлтгэ!” хэмээсэн хойно Жан И хүлээн авав. Зылун жад барьж морь довтолгон урагш байлдахаар ирэхэд нэгэн жанжин одох замыг угтан ирснийг Зылун нэгэнтээ жадалж мориноос унагаасанд Цаоцаогийн цэрэг буруулав. Жао Юнь хаасан газарт алж орвоос бас нэгэн салааны цэрэг хөндөлдөв. Тэргүүлэгч жанжин харин Вэй улсын жанжин Зяобин бөлгөө. Жао Юнь зандран асууруун: “Шу улсын цэрэг хаана буй?”. Зяобин өгүүлрүүн: “Хэдийнээ алж дуусгав”. Жао Юнь ихэд хилэгнэж морийг давхиулан нэгэн жадаар Зяобинийг бас жадалж алаад үлдсэн цэргийг алж сарниулсан хойно шууд хойд уулын доор хүрч үзвээс Жанхө, Сюйхуан хоёул Хуанжуныг хааж нэлээд уджээ. Жао Юнь их дуугаар нэгэнтээ зандарч жад далайн хаасан газрыг шувтлан ороод урагш дайран орох нь хүнгүй газар явах мэт. Түүний жад биеийн дээр доор орох нь алимны цэцэг бүжиглэх адил бөгөөд хүнийг цавчиж унагаах нь цас лавсаж орох мэт. Жанхө, Сюйхуан үзээд зүрх цочин, цөс чичирч аймшиггүй угтан байлдахгүй. Жао Юнь Хуанжуныг тэнхрүүлэн гаргаад байлдсаар явахад эл хүрсэн газар, хүн айж хоригчид үгүй. Цаоцао өндөр газраас үзээд цочин олон жанжнаас асууруун: “Энэ хэн хүн болой?” хэмээвээс таних хүн өчрүүн: “Энэ Чаншаньгийн Жао Зылун болой”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ эрт өдрийн Дан Янгийн Чанбаний баатар, басхүү асаар аж” хэмээгээд яаран цааз зарлаж өгүүлрүүн: “Эл хүрсэн газар битгий хөнгөнөөр байлд!” хэмээв. Жао Юнь, Хуанжуныг тэнхрүүлэн хүнд хааснаас алан гарсан хойно цэргийн хүн зааж өгүүлрүүн: “Зүүн өмнө хаасан нь эрхгүй мөрний жанжин Жанжу буйза” хэмээсэнд Жао Юнь хүрээндээ эгсэнгүй даруй зүүн өмнө зүг алахаар ирэв. Эл хүрсэн газар гагц Чаншаньгийн Жао Юнь хэмээсэн үсэгтэй туг далбааг үзэхүл дан Янгийн Чанбань Цяо гүүрэнд түүний баатрыг мэдэгчид уламжлан хэлээд цөм оргон явсан тул Жао Юнь бас Жанжуг гаргав.

Түүнээс Цаоцао, Жао Юньгийн зүүнийг дайран барууныг нэвтлэж хандсан газар угтан байлдах хүнгүй бөгөөд Хуанжуныг тэнхрүүлэн Жанжуг гаргасныг үзээд ихэд хилэгнэж, өөрөө жигүүрийн хэдэн жанжныг дагуулан, Жао Юнийг нэхэхээр иртэл Жао Юнь хэдийнэ хүрээндээ эгжээ. доорхи жанжин Жан И угтаж аваад хойд биед тоос тортог дэгдэхийг үзэж Цаоцаогийн цэрэг нэхэхээр ирснийг мэдээд, “Нэхэх цэрэг улам ойр болсон тул цэргийн ардаар үүдийг хаалгаад хайсанд гарч сахисугай!” хэмээсэнд Жао Юнь зандран өгүүлрүүн: “Чи хэрхин миний эрт өдрийн дан Янгийн үест нэгэн жад ганц мориор байлдаж,

Цаоцаогийн наян гурван түмэн цэргийг өвсний адил үзсэнийг мэдэхгүй болой. Өдгөө жанжин цэрэг бүгд буй тул юунд эмээмүй” хэмээгээд даруй холхивч нум барьсан ардыг хүрээний гаднах сувгийн дотор бүгүүлж хүрээний доторх туг хиур жадыг цөм хэвтүүлээд хэнгэрэг харангыг цохилгүй Жао Юнь ганцаар морь унаж хүрээний үүдний гадна зогсжээ.

Тэндээс Жанхө, Сюйхуан цэрэг авч нэхсээр Шу улсын цэргийн хүрээнээ хүрч иртэл, нар нэгэнтээ орой болов. Үзвээс хүрээний дотор туг хиурыг хэвтүүлэн, хэнгэрэг харангын дуугүй бөгөөд бас Жао Юнь ганц мориор жад барьж зогсоод хүрээний хаалгыг цэлийтэл нээснийг үзээд, хоёр жанжин айж дэвшихгүй сэжиглэж байтал Цаоцао хүрч ирээд яаран цэргийг шавдуулж урагш давшив. Олон цэрэг зарлигийг сонсож нэгэн зэрэг хашхиран хүрээний өмнө хүрч ирээд үзвээс Жао Юнь огт хөдлөхгүй тул Цаоцаогийн цэрэг хойш эгэхэд Жао Юнь жадыг нэгэнтээ жадласнаар гуу сувгийн дотроос холхивч нум барьсан хүн цугаар харвав. Тэр тухайд харанхуй болсноор Шу улсын цэрэг хэдий байхыг мэдэхгүй. Цаоцао морийг буцааж урьд эгэх үед хойноос хашхирах дуу ихэд гаран, хэнгэрэг бүрээн дуу цугаар гарч Шу улсын цэрэг нэхэхээр иржээ. Цаоцаогийн цэрэг өвөр зуураа харилцан гишгэлцэж нэгэн амиар Ханьшүй голын хөвөөнд хүрч усанд унаж үхсэн нь тоогүй.

Жао Юнь, Хуанжун, Жанжу өөр өөрийн нэгэн салааны цэргийг авч хөөж алах нь ихэд шахамдуу тул Цаоцао ямагт буруулан явахад гэнэт Люфэн, Мөндагийн хоёр замын цэрэг Мицан Шань уулнаас алахаар ирж амуу өвсөнд гал тавьсанд Цаоцао хойд уулын амуу өвсийг гээж яаран Наньзюнь хошууны газарт эгэв. Сюйхуан, Жанхө хориглож дийлэхгүй тулбас хүрээг гээж одов. Жао Юнь Цаоцаогийн хүрээг эзлэн Хуанжун амуу өвсийг булаагаад Ханьшүй голоос олсон зэвсгийг тоолбоос барахгүй. Ихэд дийлээд хүн зарж илгээсэн хойно Сюаньдө, Кунмин лүгээ хамт Ханьшүй голд ирээд Жао Юньгийн доорхи цэргүүдээс асууруун: “Зылун яахан байлдсан буй?” хэмээвээс цэргүүд Зылун Хуанжунг тэнхрүүлэн Ханьшүй голд хүртэл нэхсэнийг нарийвчлан нэгэн зэрэг хэлсэнд Сюаньдө ихэд баярлан өмнө хойно замын бэрхийг үзээд Кунмингийн зүг өгүүлрүүн: “Зылунгийн бүхэл бие цөм цөс болой” хэмээв.

Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Чанбань газар байлдаж явсан

Цахилгаан мэт хүч басхүү буураагүй

Жагсаал шувталж баатар сүрийг илэрхийлээд

Хаагдсан хойно хүч зоригийг үзүүлэв

Чөтгөр уйлах бөгөөд сахиус чарлаад

Тэнгэр цочиж, газар бас эмгэнэв

Чаншань газрын Жао Зылунгийн

Бүхэл бие нь цөм цөс зориг аж”

Түүнээс Сюаньдө Зылуныг “Барсын сүрт жанжин” хэмээн дуудав.

Жанжин цэргийг ихэд шагнан баярын ёсоор үдэш болтол хуримлав.

Гэнэт хүн ирж өгүүлрүүн “Цаоцао дахин их цэрэг илгээж Сегү завын бага замаар Ханьшүйг авахаар ирмүй”. Сюаньдө инээж өгүүлрүүн: “Цаоцаогийн энэ ирэх нь бүтэхгүй бөлгөө. Би бодоход бидэрхгүй Ханьшүйг олмуй!” хэмээгээд, цэргийг авч Ханьшүй голын баруунтаа ирж угтав. Цаоцао Сюйхуаныг гавшгай болгож “Түрүүлж байлдахаар илгээсүгэй!” хэмээхэд цацрын өмнөөс нэгэн хүн гараад өгүүлрүүн: “Би газрын байдлыг гүнээ мэдэх тул хамт одож Сюй жанжинд туслахыг хүсмүй”. Цаоцао үзвээс Басигийн Яньцю газрын хүн овог Ван нэр Пин өргөсөн нэр Зызюнь гэгч ажээ. Өнөө хажуугийн жанжин болж амуй. Цаоцао ихэд баярлаж Ванпинийг дэд гавшгай болгон Сюйхуанд туслуулаад Цаоцаогийн цэрэг Дин Зюньшань уулын хойдод хүрээ уув. Сюйхуан, Ванпин нар цэрэг авч Ханьшүй газарт хүрч ирээд Сюйхуан өмнө цэргийг “Гол гэтэлгэж жагсаасугай!” хэмээн зарласанд Ванпин өгүүлрүүн: “Цэрэг усыг гэтэлсэн хойно хэрэв цухалдагдваас яахин эгмүй?”. Сюйхуан өгүүлрүүн: “Эртний Ханьсинь усыг арлаж, жагсаал жагсаасан нь үхэх газарт тавиад, хойно эдгэмүй хэмээсэн болой”. Ванпин өгүүлрүүн: “Тийм бус эртний Ханьсинь дайсны бодлогогүйг мэдээд сая энэ аргыг хэрэглэжээ. Өдгөө жанжин Жао Юнь, Хуанжунгийн санааг мэдмүй үү?”. Сюйхуан өгүүлрүүн: “Чи явган цэргийг авч дайсныг халхлагтун! Би морьт цэргийг дагуулан эвдлэсүгэй!” хэмээгээд даруй гүүр тавиулан голыг гэтэлж Шу улсын цэрэг лүгээ байлдахаар ирэв. Энэ чухамхүү:

“Вэй улсын хүн Ханьсиньгийг мөрлөмүй хэмээн санасан боловч

Шу улсын чансан Зыфангийн мэтийг яахин мэднэм”

Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top