Шадар сайд Х.Ганхуяг Японы элчин сайд Игавахара Масарүтай уулзлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Уулзалтын үеэр талууд Монгол, Японы хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ойрын хугацаанд зохион байгуулагдах дээд түвшний уулзалтуудын талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2025 оны 7 дугаар сард Япон Улсын Эзэн хаан Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг талууд тэмдэглэв.

Шадар сайд өнгөрсөн оны 11 дүгээр сард Токио хотод зохион байгуулагдсан Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг үр дүнтэй, өндөр ач холбогдолтой болсныг онцлов.

Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ талууд хамтран хэрэгжүүлж буй бусад томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top