ГБХНХЯ болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамтын ажиллагааг хэлэлцэв

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска-г энэ өдөр хүлээн авч уулзаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зорилтот бүлгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо.

 

 

Уулзалтын үеэр талууд зорилтот бүлгийн иргэдийг урт хугацааны хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх зорилготой “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, уг хөтөлбөрийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлэв.

Мөн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжил, чадавх бэхжүүлэх чиглэлээр бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, инновацид суурилсан шийдлүүдийг хамтран хэрэгжүүлэх, 2024–2028 онд тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатайг талууд онцлов.

 

 

Цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, дижитал шийдэл нэвтрүүлэх, орон нутгийн түвшний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд талууд ажилгүйдлийг бууруулах хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ур чадвар олгох сургалт, дагалдан ажиллах болон ажлын байранд суурилсан дадлагажуулалтын хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, удаан хугацаанд ажилгүй байгаа иргэдэд чиглэсэн зорилтот арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top